
Хургандаа цадаж, төлгөндөө майлахгүй байх улс төрд их чухал. Нямтайширын Номтойбаяр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй гэж байна. Парламентыг маань сулруулах нь гэж байна. Энэ хүн парламентад дөрвөн гишүүнтэй улс төрийн хүчинг толгойлдог. Бүлэгтэй болж чадаагүй. Гэтэл парламентад мөн дөрвөн гишүүнтэй Иргэний зориг намын парламент дахь бүх гишүүдийн “тал нь” УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачлан дэмжиж явах. Бүр тодотговол жагсаалтаар орж ирсэн гишүүдийг гээд байгаа юм. Ямар “мориор” УИХ-д оров, ямар замаар явж УИХ-д оров гэхээр Сонгуулийн намуудад өгдөг саналын үзүүлэлтээр буюу жагсаалтаар орж ирсэн улс байгаад байдаг. Тэгээд үзвэл унаж ирсэн морио тавьж туух, өгсөж ирсэн зам руугаа чулуу өнхрүүлж байгаа явдал болж байна гэвэл хилс байхгүй ээ.
Мөн тэгээд цаашлуулж харбал ИЗНН-ын УИХ дахь гишүүдийн нь тоо илүүдээд байгаа юм байна ойлгогдохоор үйлдлийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар, гишүүн М.Нарантуяа нар үзүүлэх ажээ.
Гуйрамч хүн гудиггүй гэж үг байдаг. Гудиггүй байлаа байлаа гэхэд ч, Монгол парламентын дархлаагаа үргэлж мөнх дархалж байх ёстой. Ард түмний сонголтоо дээдэлж, засаглалын энэ өндөр дээд эрэмбээ үүрд хадгалан ширээж байх ёстой нь Монголын ард түмний туйлын эрх ашиг юм. Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй гэж үг байдаг. Монголын парламентад МАН үргэлж “мянган хоньтой” байж ирсэн. Сайн ч гишүүн байсан, бор халзан хоньд ч их байсан. Эдүгээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуульд МАН оройлох шинжтэй. Зарчимгүй, ёс зүйгүй, хулгайч улстөрчдийг ард түмнээр сонгуулахгүй байхын төлөө нам эхлээд алхам хийх ёстой. Хамгийн гол нь нам өөрөө парламентад байх ёсгүй хүнийг анхнаас нь дэвшүүлээгүй бол өнөөдөр эгүүлэн татах тухай ярих уу. Монголын ард түмний сонголт болоод нэгэнт хүсэл сонирхол, төлөөллийн нь үүргийг гүйцэтгэж байгаа УИХ-ын гишүүнийг сонгосон ард түмэн л өөрсдөө эгүүлэн татах ёстой болохоос намд энэ эрх нь очихоор бол хийгээгүй нь дээр. Энэ хаврын парламентын гол асуудал нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тойрон эргэлдэнэ. Ардчилсан нам энэ асуудлыг дэмжихгүй байх тал нь давамгайлах болов уу. Ардчиллын тулгуур ойлголт нь иргэний сонголтыг л дээдлэхэд байдаг.
УИХ-ын гишүүнээс өөрсдөө чөлөөлөгдөн, өөрсдөө татгалзаж асан эрс бий. Үүний эхэнд Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарыг нэрлэж болно. Тэд цэвэр ёс зүйн манлайлал үзүүлж байв. Нэг нь шалгуулахаар, нөгөөх нь парламентын танхимд хүн шанаадсанаа ухамсарлан татгалзаж байв. Эхнэрээ эмчлүүлэх шаардлага ч зэрэгцэн гарсан гэж тайлбарладаг. Ёс зүй гэдэг энэ.
Үнэндээ бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гэгч нь тухайн гишүүний ёс зүйн хэмжүүр, төлөвшлийн л асуудал юм. Хэрэгт холбогдсон бол шалгуулахаар өөрөө түдгэлзэх, буух, бурууг хийсэн аваас өөрөө УИХ-ын гишүүний сэнтийгээсээ ховхрох чинь ёс зүйн л манлайлал. МАН мянган хоньтой лугаа адил парламентад өч төчнөөн гишүүнтэй байж ирлээ гээд парламентыг сулруулан “нядлах” сэтгэл зүй бүрдэж болохгүй. Үүнийг Англид боловсролоо тодотгосон Н.Учрал дарга мэдэхтэйгээ нь ойлгомжтой. Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй ээ гэдэг чинь нарийн ухаж үзвэл их учиртай үг. Парламентаараа жишээлээд бодвол, улсынхаа язгуур эрх ашиг, геополитокоороо харвал парламент мянган гишүүнтэй байсан ч “нядалж” болохгүй л гэдэг агуулгын дунд манай эх орон оршиж байгаа.
Монгол бол хоёр шанаагаа хайрлах ёстой, шанаадуулж болохгүй л газарзүйн байрлалд байдаг орон шүү дээ.
З.САЙНТӨГӨЛДӨР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
иргэн 2026-03-06 16:13:41
энэ 2 лаларын аль илүү монгол улс ард түмнийг хохироож тэрбумтангууд болсон вэ эх орон ард түмэндээ хэгэгтэй юу хийсэн вэ