НИЙТЛЭЛОнцлох

Ерөнхийлөгч ба ард түмний оюун санааны ёс зүй

Хуваалцах:
Ерөнхийлөгч ба ард түмний оюун санааны ёс зүй
0:00 / 0:00

     Ардчиллын Д.Баттулга бурхан тэнгэрийг зорьжээ. Түүнийг үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морилж, хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэхдээ нэлээд цаг зав гаргаж, энэ мэт ёслолд оролцдог тогтсон цагаас багагүй хугацааг зарсныг Ардчиллын баатар Э.Бат-Үүл тодотгон бичжээ. С.Эрдэнэ баавайн эл хөгшин хөвүүн “Хүүкдээ баярлалаа” хэмээн бүр уярангуйгаар тодотгосон байна билээ.  Гэвч ардчилалд хайртай байх, түүнийг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэх учиртайг л Ерөнхийлөгч маань гүйцэтгэж, чин сэтгэлээсээ хандаж. Энэ бол Ерөнхийлөгчийн оюун санааны ёс зүйн хэм хэмжээ, хүн жудаг ёсны, тэр тусмаа ардчилалд хайр хүндэтгэл дүүрэн төрийн Тэргүүн хүний зөв зохист үйлдэл.  Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлаад, энэ нь яг энэ өдрүүдэд парламентаар хэлэлцэгдэж буй билээ. Алив нэг хүнд эрх мэдэл төвлөрөх, дарангуйллын алив хандлага гарахад Э.Бат-Үүл шиг сэргэг хардаг хүн Монголд үгүй гэвэл баахан хилс болохгүй. Үүл бол Монголын ардчиллын сэрэмж, дархлааны бэлгэ тэмдэг болдог баатар. Тиймээс Э.Бат-Үүлийн “Хүүкдээ баярлалаа” гэдгийн цаана ердөө л “Чи минь ардчилалдаа хайртай биз дээ. Тиймийн тул чамд баярлана” л гэсэн санаа агуулагдаж байгааг илрүүлж ядах зүйлгүй юм. Ерөнхийлөгчийн  санаачилсан хууль дотор  Цэцээр дэнсэлж УИХ-аас татах тухай заалт бий. Энэ бол ерөөс парламентын засаглалд халтай бөгөөд, Э.Бат-Үүл нарын үздэгчлэн дарангуйллын мөр чигтэй,  чингэж болохгүйг Монголын нийгмээс олон дуу хоолойгоор илэрхийлж байна. Судлаачид, хуульчид, сэтгүүлчид, ерөөс нийгэм тэр чигтээ энэ талаар дуу дуугаа авалцан бичиж, хэлж, ярьж амьсгалж чадаж байна. Бахархал.  Энэ бол Монгол үнэхээр ардчилсан, эрх чөлөөт үзэл санаанд идээшсэн, дархлаажсан нийгэм болох нь тод томруун ойлгогдож байгаа юм. Тиймийн тулд төрийн эрх барих дээд байгууллагын гишүүнийг ёс зүйн хэмээх явцуу тодорхойлолтоор ҮХЦ-ээрээ тонгойлгон буулгах явдлыг тэвчихгүйгээ илэрхийлж байгаа явдал гэдгийг хаана хаана нэгдэж ойлгох учиртай. Монголчууд бол оюун санааны ёс зүйг төгс эзэмшин уламжилж ирсэн ард түмэн. Оюун санааныхаа итгэл үнэмшлээр бүх цаг үед ёс зүйн кодыг баримталж ирсэн ард түмэн. Дэг ёс, цэвэр зан заншил монголчуудынх. Усанд цагаан юм хийдэггүй, шаасан гадасны нүхэнд сүү дусааж эдгээж булахаас эхлээд энэ бүхэн бол ухамсаржсан зан заншил, нийтлэг ёс зүйн хэм хэмжээ болж ирсэн зүйл.

Өнөөдөр Монголын парламент , улс төрд кастажсан, картельжсан, үе улиран төр эрхшээж байгаа байдал бодитой байна. Цаашид үргэлжлэх төлөвтэй. Р.Гончигдоржийн, Н.Энхбаярын, Ц.Нямдоржийн, Ч.Ганзоригийн, Ш.Отгонбилэгийн, Н.Батбаярын, Ө.Энхтүвшиний, Н.Энхболдын гээд нэрлэбэл сайд дарга, спикер, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн явсан их олон хүний хүүхэд өнөөдөр мөн УИХ-ын гишүүн, сайд,  дарга нар хийцгээж байна. Бүр Ерөнхийлөгчөөс буугаад дахиад УИХ-ын гишүүн болчихсон Х.Баттулга гэж хүн байна.  Энэ бүхэн бол Монголын ард түмний оюун санаа, ёс зүйн кодод тийм ч тааламжтай байдаггүй. Тэр битгий хэл тэднийг эрх барих, үе улиран дээр суух нь ёс зүйгүй гэдэг тээмж, үзэл бодлын хандлага оюун санаанд нь тодорхой оршиж байдаг. Хэдийгээр тэдгээр дарга нарын хүүхэд эрх барих, ИХ хурлын гишүүн болох ёсгүй гэдэг хууль байхгүй ч оюун санааны ёс зүйн хувьд зөвшөөрөгддөггүй, эерэгддэггүй гэдгийг хатуу ойлгох ёстой юм.

Боловсрол мэдлэг, мундаг зундаг нь бүр тусдаа асуудал. Сумынхаа наадмын түрүүг жилийн жилд авчихаад даага хөтөлж ирээд байдаг хөвүүнээ, “Энэ жил чи азначих. Өөр хэн нэгний хүүхэд аваг” гэдэг ийм ёс зүйт, ухамсарт сэтгэл зүй гарцаагүй манай ард түмэнд байдаг. Ийм жишээ олон. Захаас аваад байгаа. Зүгээр л нэг сумын наадамд хүртэл хүүхдээ олон түрүүлж, бай шагналыг нь аваад байгааг зохимжгүй, бусдын хүүхэд ээлжилж авч байх ёстой гэдэг энгийн боловч аугаа сэтгэлгээ, ёс зүй бол монголчуудынх юм аа.

МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн алдаа бий. Тэр Ерөнхийлөгчийн дүүг УИХ-ын гишүүнд дэвшинэ гээд ирэхэд нь “Ахыгаа Ерөнхийлөгчөөс буухаар нь дэвш ээ” гэж хэлэх ёстой байсан. Ерөнхийлөгч дүүдээ “Ахыгаа буухаар зөрөөд дэвш ээ” гэж хэлэх учиртай байсан. Хэрэв ингэж шийдвэрлэсэнсэн бол өнөөдөр У.Отгонбаяр гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй муудалцаж, Ёс зүйн хороонд дуудагдахгүй байсан уу гэвэл бүрэн байсан. Энэ, энэ учраас ёс зүй гэдгийг хэлбэрэл, багтаамжаар өргөн гүн ойлгох боловч, Монголын ард түмний сэтгэлгээнд үлэмж тодорхой байр суурьтай, хариуцлагатай агуулга юм.

Монголчууд “Хүний дайтай яв” гэж хүүхдэдээ хэлдэг. Энэ бол бусдын адил яв  гэсэн үг. Бас “Хүнээс дутахгүй яв” гэдэг. Энэ бол хүнээс битгий хоцор зэрэг алх л гэсэн үг. Ийм язгуурын  өндөр дээд ардчилсан филисофи сургаал бүхий нь манай ард түмнийх. Чухам ийм учраас Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа хууль оюун санааны ардчилалтай монголчуудад төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг ард түмнээсээ ангид байх өөр утгыг эрээд байгаа юм биш биз гэдэг болгоомжлолыг төрүүлээд байна. Тэр мөнөөх дээр эрхшээгч нэгний гарт бүгд эрх цугларах юм биш бээз гэсэн хардлага. Энэ бол зүй ёсны хардлага. Ялангуяа эрх чөлөөт, ардчилсан эрх зүйт монголчуудын хувьд.

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих