Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг аравдугаар сарын 1-нээс улс орон даяар эхлүүлнэ. Эрт илрүүлэг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.
Энэ хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэсэн аж.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлог. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг хийх аж.


























































































