Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын BYD компанийн төлөөлөгчидтэй уулзаж, “SkyShuttle” нийтийн тээврийн системийг нийслэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч BYD тулгуурт гүүрэн байгууламж дээрх монорельс замаар явдаг, цахилгаанаар ажилладаг, жолоочгүй уг системийг БНХАУ-ын арван хот болон Бразилын Сан-Паулу хотод нэвтрүүлсэн бөгөөд -40 хэмийн нөхцөлд ч ажиллуулах боломжтойг онцолжээ. Төслийг Улаанбаатарт хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа компанийн төлөөлөгчид мөн танилцуулсан байна.
Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн бүтэц болон эрчим хүчний дэд бүтцийн шаардлагын тооцоолол одоогоор тодорхой болоогүй байна. Талууд Улаанбаатарын хэрэгцээ, өвлийн нөхцөлтэй уялдуулан төслийг нарийвчлан судалж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.