
Нэр бүхий улстөрчид худалдаж авсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сошиалчдаараа дамжуулж, “Худлаа юмыг мянга давтахаар үнэн болдгийн” үлгэрийг Ч.Номин дээр жинхэнэ утгаар нь харуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайд Ч.Номинг ээлжит “бай”-гаараа онилсон улстөрчдийн захиалгат сэвээчид “Английн хөлбөмбөгийн Fulham багт Засгийн газрын төлсөн 6.5 тэрбумыг Ч.Номингоос авах ёстой. Учир нь, Ч.Номин хөлбөмбөгийн Fulham багтай хамтрах шийдвэрийг ганцаараа гаргасан” гэх хэн ч итгэх аргагүй худал мэдээллийг хагас сарын турш улиглав. Сүүлдээ бүр илт хөлсний лайвчин, гудамжнаас орилогсдыг ч эгнээндээ нэгтгэж, хүрээгээ тэлж эхэллээ. Өчигдөр гэхэд Г.Занданшатарын маш ойрын хүн З.Төмөртөөмөөгийн гэгддэг sonin.mn сайт хөлсний лайвчин гэдгээрээ танигдсан Г.Хажидмаа гэгчээр хагас сар улигласан гүтгэлгээ хэлүүлж цацав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Английн хөлбөмбөгийн “Fulham” багтай хамтрах шийдвэрийг огт гаргаагүй, түүнд тийм эрх мэдэл ч байгаагүй юм. Go Mongolia-тай холбоотой бүх шийдвэрийн саналыг Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо гаргаж, Засгийн газар эцэслэн баталдаг байв. Энэ чиг үүргийн дагуу Английн Fulham багтай хамтрах саналыг Үндэсний хороо гаргаж, Үндэсний хорооны саналыг Засгийн газар шийдвэр болгон баталж байжээ.
Бодит байдал ийм атал “Ч.Номин Fulham-тэй хамтрах шийдвэрийг гаргасан” гэх худал пиар эрчээ авч буй нь өнөөгийн улс төрийн зодоонтой холбоотой. Засгийн газарт халаа сэлгээ өрнөсөн, МАН-ын хагарал даамжирсан энэ өдрүүдэд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, “лааз” хочит гишүүн Г, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Ч.Номинг суудлаас нь буулгахаар улайрч өөрсдийн мэдлийн, өөрсдөд нь үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэмжээний гүтгэлэгт пиар хийж яваа гэсэн мэдээлэл төрийн ордны тамхины цэгээс сонсогдож байна.
Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгч болох мөрөөдөлдөө итгэчихсэн яваа нэгэн. Тэр дайснаа гэж бодсон бүхэн рүү дайрч,тэр дундаа МАН-ын 30 руу тасралтгүй дайрдгийг нь сүүлийн үеийн мэдэгдэл, байр сууриудаас нь харж болно. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа Ч.Номинг “Go Mongolia” төсөлтэй холбон гүтгэж, АТГ-т өгөх үүргийг тухайн үеийн Соёлын сайд Ч.Ундрамд болон өөрт нь үйлчилдэг сэтгүүлчдэд өгч байсан тухай хов жив төрийн ордны тамхины цэгээс сонсогдож байв.
Г.Занданшатартай тун ойрын харилцаатай гэгддэг Гадаад харилцааны сайдын тухайд Fulham-тэй хамтрах гэрээ гэх мэт Go Mongolia-тай холбоотой бүх саналыг гаргаж, Засгийн газраар дэмжүүлсэн Үндэсний хорооны дэд дарга байсан нэгэн. Ингээд харахаар Гадаад харилцааны сайд Go Mongolia-тай холбоотой ямар ч шийдвэрийг Ч.Номин бие даан гаргаагүйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэсэн үг.Тэрбээр Fulham-тэй хамтрах саналыг гаргаж, дэмжсэн санал өгч явсан хэрнээ Ч.Номин сайдыг Go Mongolia-тай холбож, гүтгэх байр суурийг хэдэнтээ илэрхийлсэн удаатай. “Засгийн газрын цор ганц эмэгтэй сайд, намынхаа цор ганц гүнж байх хүсэлд нь дэлхийн боловсролтой, ямар ч ажлыг өндөр төвшинд тултал хийж чаддаг Ч.Номин шиг эмэгтэйчүүд саад тээг болдог учраас тэр Ч.Номинг харлуулах ажлыг тасралтгүй хийдэг” гэж намынх нь бүсгүйчүүд жиг жуг хийдэг юм билээ. Хов хор хутгаж, төрийн өндөрлөгүүдийг муудалцуулсан, хэвлэлийн хамаг том тендерийг хамдаг, гадаад паспортын дамчин гэх мэт олон цол гуншинтай тэрбээр өдгөө ч хороо хутгасаар яваа бололтой.
Хоёр хуваагдчихаад эвлэрч ядаж байгаа МАН-ын хувьд дээр дурдсан улстөрчдийн нэгнээ намнах гэсэн хов хор маш том хохирол болох нь ойлгомжтой. Go Mongolia бол Монголыг дэлхийд жинхэнэ утгаар нь таниулж чадсан, 200-хан мянга байсан жуулчдыг 800 мянгад хүргэсэн, Монголын эдийн засагт ганцхан жилд гэхэд 1.6 тэрбум ам доллар буюу зургаан их наяд төгрөг оруулж ирсэн мега төсөл. Ийм сайн төслүүдийг бохир улс төрдөө ашиглаж, өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож буй хорчин улстөрчид байсаар байгаа учраас тэд л улс төрийн бялуу хуваалтын хамгийн амттай зүсмийг хүртсээр ирсэн болохоор Монгол улс хөгжихгүй яваа юм.
Эцэст нь бас нэг зүйлийг онцолъё. Ч.Номин руу дайрч байгаа нэр бүхий хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, сошиалд идэвхтэй хүмүүс Нөмрөгийн түймэр, Хөгжлийн банк, төмөр зам, “Бодь”-той холбоотой хэрэгт ганхийж дуугардаггүй. Тэд зөвхөн мөнгө өгдөг эздийнхээ төлөө өрсөлдөгчийг нь гүтгэхдээ гаршиж байгаа нь өнөөгийн Монголын маш том эмгэнэл. Одоо тэд эздийнхээ өрсөлдөгчийг намнах жижигхэн зорилгоор аялал, жуулчлалын салбарыг сая жуулчинтай болгосон Go Mongolia төслийн амыг барихаар улайрч явна. Ч.Номинг чиглэсэн хар пиар-ын ард ийм л үнэн нуугдаж байна.





