
Иргэн Н.Амаржин энэ сарын 23-нд улсын төсвийн дэлгэрэнгүй задаргааг ил болгох өргөдлийг санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 38.663 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна.
Өргөдөл санаачлагчийн дурдсанаар сүүлийн арван жилийн хугацаанд улсын төсвийн зардал болон урсгал зарлага 4-4.5 дахин нэмэгдэж, нийт зарлагын дунджаар 75-82 хувийг урсгал зардал эзэлж байгаа аж. Энэ нь улсын төсөв хөгжлийн хөрөнгө оруулалтаас илүүтэй хэрэглээг санхүүжүүлэхэд чиглэж байгааг илтгэж байна гэж санаачлагч үзжээ. Түүнчлэн төсвийн дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд нээлттэй бус байгаа нь авлига, төсвийн хөрөнгийн зүй бус зарцуулалт гарах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хяналт тавих боломжийг хязгаарлаж байгааг өргөдөлд онцолсон байна.




