Цагаан сар бол Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Цагаан сарын баярыг Буддын шашины Шарын шашин Төгсбуянтын зурхай буюу билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Гэвч Цагаан сарын баярын өдрүүд иргэдэд тодорхой хүндрэлүүд учруулдаг. Тэдгээрийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
Түгжрэл
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн төв замын хөл хөдөлгөөн сийрэг гайгүй байдагч харин хотын төвөөр багтаж ядан явдаг машинууд хотын захын гэр хорооллын нарийхан гудамж, хагархай цоорхой болсон замыг харин ч нэг “хахтал”, урт дарааллыг үүсгэн түгжирдэг. Сар шинийн баярын өдрүүдийн хотын захын гэр хорооллын замын түгжрэлийг “Зэлтэрийн гацаа” гэж нэрлэсэн нь оносон мэт. Учир нь гэр хороололд гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ байдаггүйгээс жолооч нар өөрийн зохиосон дүрмийн дагуу зорчдог. Нэгэнтээ “Зэлтэрийн гацаа”-нд орсон бол түүнээс гарахын тулд хэдэн цаг зарцуулахыг хэн ч мэдэхгүй. Үүд хоймрын хэмжээний зайг туулахын тулд бүхэл бүтэн нэг цагийг зарцуулахад гайхах зүйлгүй. “Зэлтэрийн гацаа”-наас болж, бензин түлшгүй болж, унаж явсан машинаа түрж явах дээрээ тулах нь ч бий.
Архидалт
Архидан согтуурах явдал цагаан сарын гол асуудалын нэг яах аргагүй мөн. Сүүлийн жилүүдэд Цагаан сараар архи ууж согтуурах явдал тодорхой хэмжээгээр багасч байгаа нь сайшаалтай ч архидалт залуужиж байгаа гэсэн харамсалтай мэдээ бас гарч байна.
Бид цагаан сар, төрсөн өдөр, гэрийн болон одонгийн найр, хонхны баяр, эцэс төгсгөлгүй цэнгээн наадам, дээр нь нэмэгдээд дэлхийн болон олимпийн тэмцээнүүдийг архи, пиво уухгүйгээр төсөөлж чадахгүй болжээ.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундааг архинд шилжүүлснээр 6.2 литр байгаа бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг байна. Тэгвэл манай улсын хөдөлмөрийн насны нэг хүнд 70,3 литр архи оногдож байгаа нь Монгол Улсын хүн амд архи гээч амьгүй ус дайн зарлаад байгааг харуулна. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг.Архины ааг омгоо хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, бусдад гаргадаг хүмүүс олон.
Оросын эрдэмтэн И.И.Брехманы судалгаагаар согтууруулах ундааны найрлага дахь спиртийн хэмжээ хэдий чинээ өндөр, цэвэр байх тусам задарлын эхний шатанд үүсэх хор төдий чинээ ихэсч, түүнийг хоргүйжүүлэх хоёр шатны үйл ажиллагаанд саатал үүсч, төв мэдрэлийн системд хүчтэй үйлчилдгээс архийг үгүйлэх дур хүсэлтэй болж донтолтод хурдан шилждэг байна.
Хордлого
Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж аваагүйгээс гадна бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчид 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглээгүйгээс болж хоолны хорлогод өртдөг байна. Нэн ялангуяа хүүхэд багачууд хоолны хорлогод өртөх нь элбэг байдаг.
Иймээс:
Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угааж хэвших,
Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх,
Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх,
Ундаа, айргийг ам дамжуулан 1 аяга саваар уухыг цээрлэх,
Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах хэрэгтэй юм.
Зээл
Жилийн жилд ахмадууд тэтгэвэрийн зээлэнд дугаарлаж, сар шинийнхээ баярыг тэмдэглэдэг хэцүү тогтолцоо аль хэдийнэ бий болжээ. Өмнөх зээлийнх нь хугацаа арайхийж дуусах үед дараа жилийн Цагаан сар хаяанд ирчихсэн байдаг өндөр настан ахмадуудын маань амьдрал энэ мэтчилэн уйтгартай үргэлжилсээр...
Сүүлийн хэдэн өдөр арилжааны банкууд ахмад настнуудын хөлд дарагджээ. Учир нь цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэсэндээ ахмадууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр авч эхэлсэн нь энэ. Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 60 хувь нь тэтгэврээ барьцаалан зээл авсан байдаг гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны өнгөрсөн жилийн энэ үеийн тоон мэдээллээс харж болно. Улсын хэмжээний тэтгэвэр, тэтгэмжийн 91 хувь нь Хаан болон Төрийн банкаар олгогддог байна. Түүнчлэн ирэх жилдээ элбэг хангалуун байхыг бэлгэдэн монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхийг зорьдог учраас хүнсний хэрэглээнд ч багагүй мөнгө ордог аж. Тэтгэврийн зээл авч буй ахмадуудаас цагаан сарынх нь төсвийг асуутал ихэнх нь нэг сая төгрөгөөр уламжлалт баяраа тэмдэглэдэг гэж хэлж байсан юм.
Насаараа үр хүүхдийнхээ төлөө идэж, унтахыг умартан зүтгэснийхээ төлөө өтөл насандаа тэтгэврийн зээл авч, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг тун эмгэнэлтэй. Ахмадуудын тэтгэвэр тэтгэмж манай улсын нэлээдгүй залуусын хувьд санхүүгийн эх үүсвэр болсоор байгаа нь тоон үзүүлэлтээс ч илүү энэ улсын байр байдлыг харуулж байгаа юм.
Үнийн хөөрөгдөл
Жирийн үед 1000-1500 төгрөгийн үнэтэй байсан хэвийн боов цагаан сар дөхөхөөр 2000 гараад явчихдаг нь Монгол улсад юмны үнэ хэрэгцээ шаардлага гарсан үед учир шалтгаангүй нэмэгдэгийн бодит жишээ. Сонирхолтой нь жил бүр л энэ байдал давтагддаг. Үүнд бодитоор арга хэжээ авдаг байгууллага болон хуулийн хатуу чанд заалт ч байхгүй.
Цагаан сарын баярыг тохиолдуулан шинэ дээл хувцас хийдэг болохоор торго дурдангийн үнэ ч нэмэгддэг. Хөөрөг, булган малгай, аяга таваг, мах, гурил, бэлгэнд өгч болохуйц бүхэн үнэд ордог. Гэтэл иргэд маань баяр болж байгаа болохоор үнэ нь нэмэгдсэн асуудалд туйлын хүлээцтэй хандаж жилд ганц болдог Цагаан сарын баярыг хэн хүнээс дутахааргүй хийж, өнгөрөөхийн тулд аль болохоороо хичээж хэрүүл зарга үүсгэхээс зайлхийдэг. Үүнийг нь наймаачид ч овжин ашигладаг байж мэднэ.
Бэлэг
Ахмадууд насыг нь хүндэтгэн ирж золгодог үр ач, ах дүү хамаатан садныхаа гарын алгыг дээш харуулах бэлгэнд нэлээдгүй мөнгө зарцуулдаг. Бүгдийг нэгтгээд бодвол олон тэрбумаар тоологдох тэрхүү мөнгөний 90 гаруй хувь нь урд хөрш руу гарч Хятад иргэдийн өврийг түнтийлгэдэг нь даанч харамсалтай. Аль ч талаас нь бодсон Хятадын хэрэгтэй хэрэггүй бараа цуглуулж, бэлэг өгсөн төдий болж байхаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монгол бэлэг сонговол хэн хэндээ хэрэгтэй байгаа юм.
Монголчуудын бэлгийг эрхэмлэн үзэх уламжлалыг сэргээж, бэлгээр дамжуулан улс орноо дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг татах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олон байгууллага , хүмүүс жилийн жилд “Монгол бэлэг” хөтөлбөрийг дэвшүүлдэгч өнөөдөр хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм. Учир нь дотоодын бүтээгдэхүүний үнэ өндөр, сонголт бага байдаг гэж ярих хүмүүс их байгаатай холбоотой. Иймээс өрхийн амжиргааны түвшиндээ тохируулан арга буюу урд хөршийн үнэ харьцангуй хямд, сонголт арвин төрөл бүрийн бэлэгнээс худалдан авах хэрэгтэй болдог байна.
Ганцаардал
Хүний амьдралын “тааламжгүй” нэгэн мэдрэмж бол ганцаардал. Ганцаардал нь хүнд бусдаас тусгаарлагдсан, орхигдсон, хоосорсон мэт сөрөг мэдрэмжүүдийг төрүүлэхээс гадна уйтгар гуниг, зожигрол зэрэг сөрөг илрэлүүд үүсгэдэг.
Амьдралын ямар нэгэн шалтгаанаар хүн дотны хүнээсээ хагацах, хайртай зүйлээсээ холдох, нийгэм, хамт олон, найз нөхдөөсөө хөндийрөх үед ганцаардлыг илүү их мэдэрдэг. Найз нөхөд амраг ханиасаа хагацсан, салсан хүмүүс баярын өдрүүдэд ганцаардал хэмээх тавгүй мэдрэмжтэй нүүр тулах болдог байна. Монгол улсад гэр бүл салалт, эрчүүдийн гэр бүлээ авч явах чадвар доройтсон болон амь насаа алдах явдал ихэссэнтэй холбоотой сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо үлэмж нэмэгдсэн. Цагаан сар болон бусад баярын өдрүүд өрх толгойлсон тэдгээр эмэгтэйчүүдэд хүнд тусаж гуниг ганцаардлыг ихээр авчирдагийг баталсан судалгаа хүртэл байгаа юм.