Лувсаннямын Гантөмөрийн үгэн доторх үгс

Хуваалцах:
Лувсаннямын Гантөмөрийн үгэн доторх үгс

“Дарангуйлал хэдийнэ тогтчихсон. Харин энийг АН-ынхан маань яаж цог золбоотой сөрж чадах вэ гэдэг асуудал байна”. Энэ бол Лувсаннямын Гантөмөрийн үг. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тун үзээтэй, үлэмж төвлөрөөд байгаа хүн бол энэ эр. Нас тавин гурав. Зулайн үс шингэрсэн ч, зулж ирсэн улс төрийн амьдрал нь 26 жил, хагас жаран шахам. УИХ-д хорин долоон настай дэвшиж “Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж золигтож, молигодсон Д.Мөрөнд анх тавиулж байсан Л.Гантөмөрийн ойрын үед өгүүлж ярьсныг харвал “Дарангуйлал хэдийнэ тогтчихсон” гэдгээс нь хөөгөөд шинжвэл шилээтэй өнцгүүд  хэлжээ.

Сэтгүүрдэгч сэтгүүлч У.Болортуяатай хөөрөлдсөн ярилцлагадаа хэд хэдэн чухал үндэслэлийг Л.Гантөмөр өгүүлжээ. Сэтгүүлч түүнийг одоогийн Ерөнхийлөгчид оноо өгөхийг хүсэж. Хэр ажилласан бэ гэдэгт оноо өгөөч гэхэд “Одоо эрт байна. Би тэртээ тэргүй Ерөнхийлөгчид У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй өрсөлдөнө” гэж хэлжээ. Үүнээс хийгдэх эхний дүгнэлт бол Л.Гантөмөр өөрийгөө Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдэгт маш итгэлтэй байгаа юм байна. Үүнээсээ өмнө түүний явуулах, түүний төлөөний нөхөдтэй нам дээрээ өрсөлдөнө гэдгээ ч мэдэж байна гэсэн үг. Нэгэнт итгэлтэйгээс хойш одоогийн Ерөнхийлөгчид сонгуульд дэвшсэнийхээ дараа ямар оноо тавихаа аяндаа хэлэх нь. Угаасаа тэгэх байх л даа. Ингэж алдсан, тэгж оносон гэдгийг хэлж байж л өрсөлдөөнд нягтарна. Л.Гантөмөр “Би Ерөнхийлөгчид хаашдаа Хүктэй өрсөлдөнө” гэдэг олон утгаараа, олон өнцгөөрөө чухам үгэн доторх үг байна даа. Хууль ёсоор одоогийн Ерөнхийлөгчид дахин дэвших эрх угаас байхгүй. Тэгэхээр тэр угаасаа л У.Хүрэлсүхтэй өрсөлдөнө гэдэг нь, 2027 оны Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч ямар ч эргэлзээгүй, ямар  ч утгаар нь үзсэн одоогийн Ерөнхийлөгчийн сүүдэр нь, үг хэл нь, үзэл бодол нь, байр суурь нь бүхий этгээд дэвшинэ гэдгийг Л.Гантөмөр хэлж. Энэ үнэн л дээ.

Одоо МАН-д, ерөөсөө өдгөөн МАН-ын хагарлын нэг том үндэслэл нь болоод буй Ерөнхийлөгчид дэвшихийг хүсэгч арваад хүний толхион Л.Гантөмөрийн үгийн үнэнийг батална. Хэн илүү одоогийн Ерөнхийлөгчид налсан нь нэр дэвшигч болж Л.Гантөмөртэй “ноцолдох” нь. Л.Гантөмөр ингэж итгэл төгс ярьж байгаа нь, тэр өөрөө бол хэдийнэ нам дотроо, АН дотроо нэр дэвших сунгаанд итгэл зориг бүхий ялж гол өрсөлдөөнд үзнэ гэдгээ илэрхийлж байх шиг байна. Үнэхээр Л.Гантөмөр нэр дэвших эрхээ авбал Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар,  Н.Алтанхуяг нар хэдийнэ түүнд өвдөг шороодсон байх нь.  Л.Гантөмөр хэрвээ Ерөнхийлөгч болбол, юуны өмнө Ерөнхийлөгчийн далайлгалаар Засгийг унагаадаггүй болгоно гэж хэлж байна. Зөв байна, маш сайшаалтай. Цаашилбал Ерөнхийлөгчийн институтын орон төөг цөөлнө гэж байна. Мөн л зөв. Тэгэх л хэрэгтэй. Сэтгүүлч ингэж л ярьцгааж байдаг шүү дээ гэх өнгөөр мэтгэхэд, Л.Гантөмөр, Ерөнхийлөгч болоогүй байхдаа ингэж хэлдэг нь байгаагүй юм гээд мадлах төлөвтэй.

Л.Гантөмөрийн хэлээд байгаагаас хамгийн чөмөгтэй нь, ёзоорт талархалтай нь, Засгийн газрын амийг авдаггүй Ерөнхийлөгч байна гэдэг нь юм. Үнэндээ бүх цаг үед Ерөнхийлөгч нар Засгийн газрыг тонгордог, годройтуулдаг байдал хавтгайрч ирсэн. Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг унагаж байв, Х.Баттулга Ж.Эрдэнэбатыг унагаж байв, У.Хүрэлсүхийн үед бүр хэд гурваараа боллоо. Энэ худалгүй үнэн. Үр дүн нь улс тогтворгүй, хүчгүй Ерөнхий сайд , сувс сайдын өрсөлдөөнөөс өөр шидгүй. Л.Гантөмөр энэ арчгүй байдлыг мэдэж, Ерөнхийлөгч болох, ерөөс болохын төлөө уг сурвалжийг нэн үндэстэй ойлгосон л хүний үг хэлж. Тэр  У.Хүрэлсүхийг хоёр дахиа УИХ-ын гишүүн болоход зэрэгцээд парламентын танхимд орж ирж байв. Л.Гантөмөр бас хэлж байх юм. Манай дорнын ард түмэн, улстөрчдөө, улс төрөө намуун зөөлнөөр харах, тийм байхыг хүсдэг. Харин шийдвэр нь барс мэт байхыг чухалчилдаг. Сатай сайд мэт  байхыг хүсдэг гэж  хэлж. Тэгснээ, ерөөсөө, манай ард түмэн сүгсэлзүүр, сүгсэлзсэн хүнийг төрийн түүхээсээ алгуурладаг, холдуулдаг, үл хэрэгсдэг гэж айхтар үгийг мөн хэлжээ. Үнэн л дээ, Л.Гантөмөр зөв л хэлж.  Үнэн нь угаасаа л тийм.

Л.Гантөмөр бас хэлж байгаа юм. Утаа, түгжрэлийг, олигархийг халсан Ерөнхийлөгч байхыг чухалчилна аа гэж. Улс төрийн манлайллыг үзүүлнээ гэж. Үнэхээр тийм л байгаа юм л даа, монголчууд сүүлийн арван жилдээ, аанай л утаа, түгжрэл, олигархидаа идүүлээд л сууцгааж байгаа гэдгийг Л.Гантөмөр жишимгүй хэлж байна лээ. Ингээд, ингээд үзвээс Л.Гантөмөр тун ханатай, тун нигууртай, тун дөмөг өгүүлж байна. Хүүхэнч үү гэхэд нь дэгс, архи уухаа огт больсон, хэрэггүй юм байна лээ гэж хэлж. Хүн ингэж өөрийгөө засах ёстой. Ингэж бодитоор өөрийгөө улс төрийн шинэ өрөгт, шинэ дэвжээнд бэлдэх ёстой. Эхнэр, намаа үл солино гэдгээ ч хэлсэн байна билээ. Энэ үгийг хэлдэг хүн олон. У.Хүрэлсүх дарга их олонтоо хэлдэг. Сэтгүүлч Л.Гантөмөрийг “Та Ерөнхийлөгч болоод хүргэнээ ажилд авах уу, дээш өргөмжлөх үү” гэсэнд “Огт үгүй” гэж байна лээ. Энэ тун таалалтай л байр суурь. Манай парламент, засаг хадам бэр, үеэлүүд, ах дүү нарын цугларал болоод 2028 оноос парламентад бүр шившигтэйгээр шивээлэх төлөвтэй. Хэрэв Л.Гантөмөр Ерөнхийлөгч болчихбол, тэр идэгдлийг лавтайяа засах сэдэлтэй байх нь шиг байна.

Л.Гантөмөр бас нэг юм ярьсан, тэр нь, “Би Э.Бат-Үүл, М.Энхболдоос газар авч байгаагүй. Уул уурхайн аливаа нэг лиценз байхгүй. Мэдээлэл байсан ч би хүсээгүй” гэж нэг үг хэлсэн. Энэ үгээрээ Л.Гантөмөр юу хэлж байна гэхээр “Улс төрийн томчууд бүгд газарчид. Бүгд уул уурхайн хамааралчид. Эзлэгсэд...” гэж хэлж байна. Улс төрийн томчуудыг хэлж байна шүү дээ. Магадгүй Ерөнхийлөгчид дэвшихээр хүсэгч хүний өөрийнгүй олон этгээдэд, та бүхэн үүнийгээ цэгцлээрэй гэсэн үг юм байх л даа. Л.Гантөмөр ийн Ерөнхийлөгч болсон юм шиг, болох нь тодорхой мэт ишээр ярьж байна.  Хамгийн гол нь Л.Гантөмөр маш үнэн яриад байна, Ерөнхийлөгчид үнэн зөв бэлдээд байна. Үг нь үнэ цэнтэй байна. Шидтэй байна. Шидтэй байна гэдэг нь их энгийндээ хүмүүсийн хүсэж байгааг, хүлээж байгааг зөв оношилж хэлж чадахад л юм. Л.Гантөмөр эрхбиш ингэж боловсорсон л.

. Нэгэнтээ Л.Гантөмөр парламентын танхимд, М.Энхболдыг ид даналзаж, ир бяр нь жагсаж явах үед , Засгийн тэргүүн болж явахад үед билүү дээ “Та бүх хариуцлагыг даана гэж байна. Таны толгой багадна” гэж хэлж асан нь санаанаас гардаггүй. Гуч гаруйхан настай Л.Гантөмөрийн үг л дээ. Тавь гаруйхан настай Л.Гантөмөр өнөөдөр илүү танагтай, илүү хүчтэй болсон нь, улс төрд бодон болсон нь хэнд ч ойлгомжтой буй заа. Ерөнхийлөгч болох хүн мэдээж хуяглаа биз дээ.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих