
“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляц /орчин үеийн дүрслэх урлагийн төрөл/-ыг Берлин хотноо ирэх оны 05 дугаар сар хүртэл нийтэд толилуулна. Монголын керамик уран бүтээлч У.Одмаа, Н.Сүхбүрэн, Берлин хотын Шарлоттенбург-Вильмерсдорф дүүргийн 300 хүүхэд, залуус хамтран 9 метр орчим урттай “Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляц бүтээсэн байна.
Уг бүтээлийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Курфюрстендамм, Уландштрассе гудамжны уулзварт урьдчилан нээлээ. Төслийг Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ой, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд хэрэгжүүлж байна. Берлиний Шарлоттенбург-Вильмерсдорф дүүргийн Хүүхэд, залуучуудын урлагийн сургууль болон Улаанбаатар хот дахь “Arts & Media Project Management & Consulting NGO” буюу «Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө» НҮТББ-ын хамтарсан энэ төсөл нь гоо зүй, урлагийн боловсролын олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл гэж болно.



Инсталляцад уулс нь мөнх оршихуй, тогтвортой байдлыг, үүлс нь хөдөлгөөн, хувьсал өөрчлөлтийг бэлгэдэх бөгөөд хүн, байгаль, цаг хугацааны харилцан шүтэлцээг шавар, паалан, мод, төмөр тор, лак, акрил шил ашиглан орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр илэрхийлжээ. Бүтээлийг 2027 оны 04 дүгээр сарын 30 хүртэл нийтэд толилуулна.




