
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол-Финландын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинки хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб нар нээж үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгааг дурдаж, Финландын дэвшилтэт технологи, инновац, мэдлэг туршлагыг эдгээр салбарт нэвтрүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ноос, ноолуурын боловсруулалт, хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Финландын компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах санхүүжилтийн боломж, Монголын текстилийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл, танилцуулга хийв.


Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд боловсрол, орон нутгийн хамтын ажиллагаа, барилга, эрчим хүч, худалдаа, бизнесийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан санамж бичиг солилцов.
Тухайлбал, Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Финланд Улсын Лапланд бүс нутаг, Монгол Улсын Боловсролын яам болон “Eduten” компани, Боловсролын яам, “Heart and Mind Education” төрийн бус байгууллага болон Туркугийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг солилцов. Мөн Монголын “Honka Log Homes” ХХК болон Финландын “Honkarakenne Oyj”, “Бичура” ХХК болон “Polar Night Energy” компаниуд, түүнчлэн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны баримт бичиг солилцов.
Форумын төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ зохион байгуулагдаж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монгол-Финландын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, Финландын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудтай уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу