Арван хоёр онд С.Бямбацогтыг МАН-ын Бүлгийн дарга байхад түүнийг Ц.Элбэгдоржтой хардаж, түүний ивээлийн хүн гэж бишгүй ярьцгаадаг байв, Ардын намынхан. Н.Алтанхуяг нь ч ил цагаан хэлж л байсан. С.Бямбацогт уул хүн нь мэрийлттэй, хичээнгүй ч Ховдын ах нарын нь ивээл хайр мань эрийг энд иртэл хаяалж, өргөсөн нь худлаа биш. Нэрлэвэл олон хүн байна. Тэр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Бүлгийн дарга болоод, мөн л түүнийг хэт том явах өнгөнөө Хууль зүйн сайд ч болж байв. Үүнд нь Ц.Нямдоржоос өгсүүлээд игзаартсан хүн тухайн үед цөөнгүй.
Саяын болсон “Эпштейн сонсгол”-ыг дэмжсэн даргын хувьд, спикер С.Бямбацогтыг Ц.Элбэгдорж мөнөөх хүүхдүүдтэйгээ уулзах үеэрээ ирж оролцохыг урьсан ч нутгийн дүү очоогүйг мань хүн мэдэгдсэн. Уг нь, С.Бямбацогт төрийн эрх барих дээд байгууллага дээрээ мөнөөх сонсголыг дэмжсэн хүний хувьд очоод, үгүй бол тэдгээр хүүхдүүдээ аваад ир ч гэж байгаад юм уу, хүүхэд “шарагдаагүй”-г мэдсэнсэн бол парламентын сонсгол элэг доог болохгүй, өөрөө ч зөв оролцоотой, зөв залах байсан нь эргэлзээгүй. “Нэг муу” улс төр л цаана нь байгаа юм л даа, МАН-ын талцлынхнаас учигтай холхион л болоод байгаа.
Тэрийг нь зүгээр няц алгасаад асуудалд зөв хандсан байх нь төрийн том хүний хувьд ч, жудаг ёсны хувьд ч сайн алхам байх байлаа. Парламентын хянах үйл ажиллагаа болсон сонсголын нэр хүндийг ч унагахгүй байсан. Одоо нэгэнт ингээгүйгээс хойш яалтай билээ. “Эпштейний сонсгол” дээр алдсан шигээ алдахгүй байх нь чухал. Одоо нийгэмд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр хаусны сэдэв ид өрнөж байна. Цаашдаа ч бүр илүү өрнөх нь ойлгомжтой шиг. Нэг сэтгүүлч Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн гомдлоор торны цаана суугаад гурав хонож байна.
С.Баяр гуайгаас эхлээд “Хүн хорьцгоохоо боль. Хоригдсон хүний хувьд би хэлж байна” гэж л сууна, бухимдаад байгаа бололтой юм. Гэтэл гадаадаас Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн гэгдэх хаусуудын газрыг би захирамжилсан, тэгээд бүр “ЯС”-ын шахалтаар гэж бичлээ. Юун “ЯС” билээ гэтэл л, тэр дороо нээлттэй мэдээллийн сувгуудаар ЯС гэдэг нь Янгугийн Содбаатар генсек юмаа гээд бичээд гаргаад ирэх юм. Одоо Ерөнхийлөгч болоод, Ерөнхийлөгчийнхөнд эдгээр асуудлыг нийгэмд үнэн зөвийг мэдээлэх шаардлага зүй ёсоор тулгагдаж байгааг олон нийт хүлээж байна. Ерөнхийлөгчийн гэгдэх хаус үнэхээр түүнийх мөн юм уу, биш үү юм уу гэдгийг хүлээж байна. Гэхдээ хэвлэлийн төлөөлөгчийн үгээс биш Ерөнхийлөгч өөрөө амаараа тийм, үгүй гэж хэлэхийг хүсэх олон нийтийн хүлээлт нэн их байна.
Я.Содбаатар яагаад шахаж шаардаж, Х.Нямбаатарт яс тулгалт хийсэн юм бэ гэдгээ мөн тайлбарлах. Эхний ээлжинд нийгмийн шударга ёсны энэ хоёр асуултад хариулах хэрэгтэй байгаа юм. Цаашилбал, нийгмийн эрүүл шаардлага, ард түмний хүсэл зоригийн тэнцвэр, тэнхлэг, үнэт зүйлийн эрэмбэ дараагаас журамлагдаад, цэгцрээд явах учиртай. УИХ-ын сонсгол дээрээ тулахыг ч үгүй гэх аргагүй.
Саяын болоод өнгөрдөг сонсголуудаар чинь Ц.Элбэгдоржоо Эпштейн сэдвээр цэглэх маягтай болоод Х.Баттулга дээр “К2” гэв үү нэг сонин юм гаргаад ирсэн дээ. Эрдэнэт үйлдвэрээр ажлын төлбөр гүйцэтгүүлсэн гээд. Тэр ажил гэдэг нь хачин, бүр аймаар. Ерөнхийлөгч нарыг тойроод ийм зүйлс болоод байна. Мөдхөн УИХ дээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хаус, орлогыг нотлох сонсгол” гэж зүйл мундарч эхэлвэл яах уу. Саяын Ц.Элбэгдорж дээр гарсан шиг үйлдлийг Б.Баярбаатар мэтийн гишүүд жишүү харалгүй л хийж байна шүү дээ. Одоо П.Сайнзориг нь ч юм уу, тэгж хиншүү ханхлуулж тун мэдэх.
Иймээс С.Бямбацогт Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн гишүүний хувиар уг зөвлөлийн дарга У.Хүрэлсүхдээ зөвлөгөө өгвөл зохистой мэт. Асуудлын үнэнийг мэдээлээч гээд. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн нөгөө нэг гишүүн, Ерөнхий сайд Н.Учрал ч гэсэн. Гэр орноороо нэг дор байгаа Монголын гурван том дарга шүү дээ. Элдэв олон долдой нараас илүү С.Бямбацогт, Н.Учрал хоёроо сонсвол Ерөнхийлөгч зөвдөх болов уу. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийг энэ нийгмийн, МАН-ын талцлаас үүдсэн сэдэв мөддөө амраахгүй янзтай. Ер нь бол Ерөнхийлөгч одоо мөдхөн, хэдхэн сарын дараа буух хүний хувьд хийсэн ажлаа системтэй сайхан тайлагнадаг цаг. УИХ-даа тайлан тавьдаг ч хууль байдаг байх аа.
Б.ЗОЛБАЯР




