
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани 2021 оны I улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд зэсийн үйлдвэрлэл нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар буурч, 120.5 мянган тонн болоход “Escondida” болон “Kennecott” уурхайнуудын гарц буурсан нь нөлөөлсөн байна.
Үүнээс 15.2 мянган тонныг “Оюу Толгой”-д үйлдвэрлэсэн байна. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн босоо ам III болон IV-ийн ажил дөрөвдүгээр сар дуустал зогссон хэвээр байна гэдгийг тайланд дурджээ.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж “Rio Tinto” тооцоолоод байна. Гүний уурхайн асуудлаарх хөрөнгө оруулагч тал болон Монгол Улсын Засгийн газрын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Б.Болдоор ахлуулсан “Rio Tinto”-ийн баг Монголд ирж, яриа хэлэлцээ Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 12-нд эхэлсэн юм.
“Rio Tinto” компанийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Австралийн “Pilbara” дахь төмрийн хүдрийн уурхайнуудын нийлүүлэлт I улиралд өмнөх оны мөн үеэс долоон хувиар өсөж, 77.8 сая тонн хүрсэн байна. Харин олборлолт нь хоёр хувиар буурч, 76.4 сая тонн болжээ. Цаг агаарын нөхцөл байдал олборлолт буурахад нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Хэдий тийм боловч 2021 оны төмрийн хүдрийн олборлолтын төлөвлөгөөгөө бууруулаагүй байна.
Түүнчлэн тайлант хугацаанд 13.6 сая тонн хөнгөн цагааны хүдэр олборлосон нь өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин боловсруулсан хөнгөн цагааны гарц 800 мянган тонн хүрч өссөн байна.
Мягмар гарагийн байдлаар Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 0.55 хувиар буурч, 120.19 австрали доллар болжээ.




