
"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “ Монгол улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан саатуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна.
Үүнээс гадна ТЕГ-аас илрүүлсэн зарим хэргийн талаар товч мэдээлэл өгье. Монгол улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж хариуд нь мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн мөрлөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 2022 оны 2 сарын 8-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлцэж гэм буруутайд тооцож 8 жилийн ял олгоод байна. Мөн Монгол улсын иргэн А, Э нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын байгууллагын нэр бүхий ажилтанд Монгол улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Монгол улсын хуулиар 2021 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлцэгдэж байгаа. Энэ талаар мэдээлэл хийж байгаа нь иргэд олон нийтэд гадаадын улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохирсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураар мэдэгдсэн. Учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлхөөр хуульчлагдсан байдаг талаар мэдэгдэхийг хүсч байна” хэмээн мэдээллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу