Дэлхийн улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдууд оюутны визний ярилцлага авахаа зогсоожээ

Хуваалцах:
Дэлхийн улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдууд оюутны визний ярилцлага авахаа зогсоожээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио улс орнууд дахь Элчин сайдын яамддаа оюутны визийн ярилцлагын цаг товлохоо түр зогсоох албан даалгавар өгчээ.  Тус улс виз мэдүүлэгчдийн сошиал хаягийг шалгах нарийн хяналтын үйл явц нэвтрүүлэхээр төлөвлөж буйтай холбоотойгоор энэ арга хэмжээг авах болсон аж.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хор хүргэх, еврейн эсрэг буюу антисемитизмийн үзлийг түгээн дэлгэрүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар АНУ-ын их сургуулиуд гадаад оюутан элсүүлэхийг хязгаарлах хүчин чармайлт гаргаж буй. Энэхүү алхам нь Цагаан ордон ба элит сургуулиудын хооронд өдгөө үргэлжилж буй зөрчлийг улам хурцатгаж байна.

Сүүлд Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн санхүүжилтийг царцаах, гадаад оюутны элсэлтийг нь хориглох хүртэл арга хэмжээ авсан юм. Одоогийн байдлаар Харвардын 2.6 тэрбум ам.долларыг царцаагаад байна. Мөн Засгийн газраас нь одоо хүчин төгөлдөр үргэлжилж буй 100 сая ам.долларын гэрээнүүдийг цуцлахаар болсныг тодотгожээ. Өдгөө АНУ-д дээд боловсрол эзэмшиж буй 19 сая хүний 5.9 хувь гадаад оюутнууд байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан АНУ-д ирснээс дийлэнх нь энэтхэг, хятад оюутан байжээ. 

Гадаад оюутнууд ихэвчлэн сургалтын төлбөрөө бүтэн төлдөг учраас АНУ-ын их, сургуулиуд дотоодын оюутнуудаа санхүүгээр дэмжихэд тус болдог аж. АНУ-ын Төрийн Департаментын тайланд дурдсанаар АНУ-д хамгийн олон гадаад оюутантай сургуулиудын тоонд Нью-Йоркийн их сургууль болон 21 мянга гаруй гадаад оюутантай Колумбийн их сургууль багтаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих