НИЙТЛЭЛОнцлох

Г.Амартүвшин мэт захирлуудтай тэмцэхэд Г.Занданшатар АТГ-аа “өөрийн” болгох нь зөв байх!

Хуваалцах:
Г.Амартүвшин мэт захирлуудтай тэмцэхэд Г.Занданшатар АТГ-аа “өөрийн” болгох нь зөв байх!

   Ардын намын гарамгай хуульч Ц.Нямдорж улс төр хийхдээ, бусад руу нийгмийн сэтгэл зүйг хумиж дайрахдаа хэлдэг үгс байдаг. “Тийм биз, мөн биз, тэгсэнээ дээ, тийм үү дээ”, ийм хэллэгүүд хэрэглэдэг. Ардын намын дарга Л. Оюун-Эрдэнэ,  З.Дашдавааг дааж аваад, нэрлэж зүтгүүлээд АТГ-ын даргаар хоёр дахиа тавьсан нь саяханых даа. Ц.Нямдоржийн хэлдгээр мөн биз. Тийм үү дээ. Өчигдөр З. Дашдаваа даргын эрхлэх хүрээний ажлынхан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд гэгчийнд урилгагүй зочилж, нэгжлэг хийсэн байна. Улмаар түүнийг 48 цагийн хугацаатай баривчилан хорьжээ. Гэтэл өнөө өглөө хэвлэлд босоо хочит С.Ганбаатар “Надад үнэн байна, У.Хүрэлсүхэд АТГ байна” гэсэн ярилцлага өгсөн харагдана.

Улмаар “Г.Занданшатарыг У.Хүрэлсүхийн Тамгын дарга гэж хардаг” ч гээд хэлээд авч.  Улс төр гэгч нь ширүүсэж байгаа бололтой. Ерөнхий сайд Г.Занданшатарт Тагнуулын дарга, АТГ-ын даргыг бүрэн хамаарах онцгой эрх мэдэл бий. Гэтэл түүнд тэдгээр дарга нарыг үл хамааруулж, тэр битгий хэл Л.Оюун-Эрдэнэ, У. Хүрэлсүх нарт хамааруулаад байгааг нийгэмд хэлээд байна. Үндсэн хуулийн нэртэй авторуудын нэг Болдбаатарын хүү Гүнбилэг гэдэг залуу “Зандан даргын бүүвэй” гээд нэг сэтгэгдэд маягийн зүйл бичээд байх. Ерөнхий сайдад гомдож явдаг хүн бололтой. Хүний гомдол их дээ. Хаа сайгүй л байдаг. Ялангуяа албан тушаалын сонирхол хадгалсан, түүнээс эхэлсэн ашиг сонирхол том гомдол болоод үлдчихдэг. Б.Гүнбилэгийн “бүүвэй” бол тийм л юм байна лээ. Г.Занданшатар бол хийх гэснээ хийхээр зүтгэчихдэг л толгой юм шиг билээ.

Одоо түүний Засгийн гал тогоо баригчийн шанаанд нэгэнтээ сорви үүсгэдэг, өөрөө Засгийн гал тогоо барьж явсан , өдгөө Монголд үзэгдэхээ байсан нэг нөхөр Г. Занданшатарыг “холхиулж байгаад л өөрийнхөө санасанд хүрдэг хүн” гэж ярьсан нь улс төрийнхөн дотор яригдаад байдаг. Г.Занданшатарт холхиулж байгаад шийдэх юм маш их байна. Ганибалын Амартүвшин гэдэг хүн төрийн өмчийн компанийнханд гурван сая төгрөгийн цалин арай бага байна аа, хулгай нь дийлдэхгүй шүү дээ гэж хэлэхийг Монгол харлаа. Төрийн өмчийн компанийнхан хулгайч, авлигын уурхай гэдгийг тэр хүн баталж хэлээд байна. Гурван сая төгрөгөөр Төрийн өмчийн компанийн дарга нар амьдарч чадахгүй юм байж. Гурван зуун мянгын тэтгэвэртэй өтгөс тэгэхээр яаж амьдарч байгаа болж таарах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгээд тэр хүн попорч байна гэж хэлсэн. Г.Занданшатар, С.Бямбацогт хоёрыг хэлж байгааг нийгэм харлаа.

Нэг нэгтгэлийн захирал ингээд Засагтайгаа заамдалцаад байвал гүйцэтгэх засаглал яаж урагшлах билээ дээ. Шийдвэртэй арга хэмжээ чухал. Г.Занданшатар авлигатай тэмцэнэ гэсэн. Одоо энэ шуугиад байгаа Непал гэхэд  авлигын индексээрээ манайхаас хамаагүй урд үзүүлэлттэй байна. Ингэхээр АТГ-ыг Г.Занданшатар л чиглүүлэн удирдах ёстой нь ойлгомжтой. Г.Амартүвшин шиг авлига авахыг өөхшүүлсэн мэт захирлуудтай тэмцэхэд Г.Занданшатар АТГ-аа “өөрийн” болгох нь зөв байх. Тагнуул мөн адил. Тэгэхгүй болохоор чинь л нэг намын дарга, намаас түдгэлзснэн албан тушаалтан хоёрт тэдгээр чухал агентлагуудыг овоглож нэрлээд байна биш үү. Гаалийн Ерөнхий газар гээд нэг авлигажсан байгууллага байгаа. Бас нэг гаальчин биш, цагдаа удирдаад энэ байгууллага бишгүй гундсан. Өчигдөр Тэргүүн Шадар сайд Н.Учрал Гаалийн газарт ажилласан. Хүний субьектив оролцоог халж, ухаалаг, цахимжсан журамтай болгож, улмаар цаасан суурийг бүрмөсөн халж байгаа шинэчлэлийг хийсэн нь онцгой чухал болж байна. Гаалийн улсын ахлах байцаагч 55 заалтаар баталгаажуулж, зөвшөөрөл олгох үйлдэл хийж байсан байнаа гэдэг чинь энэ хэрээр авлигын эрсдэл байсан гэсэн үг. Үүнийг халжээ.  Энэ мэт бодит дэвшлийг л Засгийн газар гаргаад баймаар байгаа юм аа.

Эрдэнэт медикал гэдэг эмнэлэгийг хавдрын эмнэлэг болгох ажлыг Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж. Чинбүрэнтэйгээ хамжаад даруй ажлыг нь эхлүүлсэн байна. Энэ бол үнэхээр чухал ажил. Монголчуудад авлигаас ч илүү заналхийлж байгаа зүйл бол хавдрын эрсдэл . Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган нээнэ. Спикер их олон улс төрийн хайчин галын дунд ажиллаж байна. Намрын чуулганаар нэг биш гишүүдийн бүрэн эрхийг үгүй болгоно гэх юм. Тэдгээрийн эхэнд Х.Баттулгыг гэж мэдээлцгээгээд эхэллээ дээ. Тийм үү дээ. Ер нь энэ АТГ  үнэхээр ажлаа хиймээр байна аа.  Зун  С.Бямбацогттой Ховдод яваад ухаалаг төсөв ярьдаг залуу гишүүн С.Цэнгүүн “Цахилгааны үнийг нэмсэнээр 550 гаруй тэрбум төгрөг цугларсан ч, зарцуулалт нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон” гэж хэвлэлд ярьсан байна. Ирэх өвөл аанай л даарна шүү, хязгаарлалт хийнэ шүү хэмээн “сүрдүүлж” байгаа Б. Чойжилсүрэнгээс С.Цэнгүүн гишүүн эхлээд асуух хэрэгтэй. Г.Занданшатар, С.Бямбацогт хоёроос бас асуух хэрэгтэй. Тэгээд эх сурвалж олдохгүй бол З.Дашдаваад хандах ёстой, хатагтай С.Цэнгүүн. 

Б.ХАНБЭЙС


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх