
Х.Булгантуяа С.Бямбацогтын үгэнд орчих л байж дээ
Хатагтай Хүрэлбаатарын Булгантуяад С.Бямбацогт хангалттай хэлсэн л дээ. “Чи буруу юм хийх гээд байна. Хууль зөрчих гээд байна” гээд их хэлсэн. “Шоронд орно шүү” гэж хүртэл болгоомжлуулсан. Харин Х.Булгантуяа ингэж сануулсаар атал, дөргүй бух, уураг авсан морь шиг зүтгээд хууль зөрчсөн. Түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэдэг зүйл ангиар яллагдагчаар татаад, уг тогтоолыг мөрдөгч прокуророос аваад Х.Булгантуяад гардуулан өгөх гэсэн боловч тэрбээр цааргалан булзсаар байгаа аж. Тийм учраас түүнийг шүүхээс албадан ирүүлэх арга хэмжээг авч магадгүй нь мэдээлэгдэж байна. Х.Булгантуяагийн энэ байдал харамсалтай. УИХ-ын танхимд түүнийг Ж.Энхбаяр мөн битгий ийм зүйл хий гэж сануулж байв.
Гэвч Х.Булгантуяа “С.Бямбацогт намайг шоронд орно шүү гэж заналхийллээ” гэж “эрхэлж” байв. Мугуйдлан буруу юм хийгээд байгааг нь хэлсээр байтал, өөрөө бурууг хийчихээд одоо бурууг нь шүүе гэхээр очихгүй байна гээд байж болшгүй юм. Х.Булгантуяад бий болсон энэ нөхцөл байдал Ц.Сандаг-Очир,П.Сайнзориг нарт бас нүүрлэчихээд байгаа. УИХ бол төрийн хянан шалгах дээд байгууллага. Хуулийн хэрэгжилтийг шахах дээд байгууллага. Энэ байгууллагын гишүүд үүнд үлгэрлэх ёстой.Эдгээр гишүүд үнэхээр буруутай зүйл хийсэн нь шүүхээр дэнслэгдвэл хариуцлагаа хүлээх нь зүй ёсны юм.
Г.Занданшатар нар эдийн засгаа эрчимжүүлэх ажлаа Оюу толгойн өгөөжөөс эхлүүлэх хэрэгтэй
Засгийн газар оны сүүлийн өдөр эдийн засгийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөө баталсан. Энэ чухал. Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийн үрийг айл гэр рүү оруулна гэдэг агуулгыг хэлээд байна.Үүн шиг чухал юм хаа байхав. Чухамдаа жинхэнээсээ тэгмээр л байна шүү дээ. Засгийн газрын эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөөний эхний ажил бол Оюу толгойн үр өгөөжийг дээшлүүлэх УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх баймаар байна. Оюу толгой компанитай хийх хэлцэл, уг төсөл дээр арга хэмжээ авах заалт бүхий тун догь тогтоолыг О.Батнайрамдал нар батлуулчихсан. Өдөр бүр 13 тэрбум төгрөг хүүлүүлдэгээ болиотохвол эдийн засагт хөөрхөн нэмэр. Экспортын нь орлогыг Монголынхоо банкуудаар явуулаад эхэлбэл мөн л чухал дэм. ОНТРЭ дээр шинэ хэлцэл, ашигтай хувилбарыг гаргаатахбал тун л сайн байна. Энэ бүхэн УИХ-ын тогтоолоор үүрэг болоод тэртээ тэргүй Засгийн газрын ширээн дээр ирчихсэн байгаа. Хэрэг эрхлэхийн дарга С.Бямбацогт амаргүй л тогтоол боллоо гэсэн шиг үг хэлж суусан. Энэ амаргүй биш ээ. Яагаад гэхээр төрийн эрх дээд байгууллага маань ингээд хуульчилсаан, биелүүлэхээс аргагүй гээд л яргахаас өөр зам байхгүй. Оюу толгой компанид эелдгээр тулган шаардаад хэрэгжүүлэхээс аргагүй.
Н.Учрал, М.Энхцэцэг хоёрын үлгэр
Оны тэргүүн өдөр УИХ-ын өндөр, нам хоёр хүн их чухал ажил хийж харагдлаа. Энэ бол оны өмнө УИХ баталсан нэг чухал тогтоолын хэрэгжилтийг шууд хангаж байгаагаараа сайн үлгэр болж байна. Сэргээгдэх эрчим хүчийг өөрсдөдөө бий болгон үлгэрлэн ажиллаж, амьдарч байгаа сайхан үлгэртэй иргэд цөөнгүй байгаа. Үүнийг нэгдсэн сүлжээнд авч болох ч, авах сувгаа нээгээгүй, мөнгө төлөх дамжлагыг бий болгоогүй байсаныг сая хуулиар гарц нээн ажил хэрэг болгосон нь эрчим салбарын төлөөлөл болон УИХ-д орсон М.Энхцэцэг нарын гишүүний чухал ажил байлаа. Н.Учрал даргын парламентын эерэг сайн ажил ингэж нэгээр нэмэгдсэн. Уг чухал гараа нарны панель суурилуулж, илүүдэл эрчим хүчээ худалдсан анхны айл нь Г.Ууганжаргалынхад хэрэгжсэнээр эхэллээ. Энэ нь өнөөдөр Г.Ууганжаргалынх шиг 68 айлаар тэлэх нь бүр ч сайшаалтай явдал билээ. Амьдралд ойр, иргэдээ дэмжсэн, харилцан ашигтай эл байдал бол Улаанбаатарын утааны асуудлыг бууруулахад онцгой дэмтэй нь ойлгомжтой. Энэ л учир УИХ-ын өндөр дарга Н.Учрал , төрийн өндөр агуулгатай шийдвэрээ шууд ажил хэрэг болгож байгаа гишүүн М.Энхцэцэг нарын сайн үлгэр боллоо гэж тодотгоод байгаа хэрэг.
З.САЙНТӨГӨЛДӨР




