НИЙТЛЭЛОнцлох

Б.Батцэцэгт ямар хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Н.Учрал, спикер С.Бямбацогт нар шийдэхээс аргагүй болжээ

Хуваалцах:
Б.Батцэцэгт ямар хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Н.Учрал, спикер С.Бямбацогт нар шийдэхээс аргагүй болжээ

Хэдхэн сарын өмнө Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “Д.Амарбаясгалаан, миний дүү ажлаа өгөөд шалгуул” гэж намжиртайхан хэлж зогссон билээ. Гэтэл энэ үгийг өөрөө мөдхөн Д.Амарбаясгалангаасаа сонсоно гэж төсөөлөөгүй юм болов уу даа.

Гэтэл агтны хариу жилдээгийн үлгэрээр одоо мөнөөх Д.Амарбаясгалан дүүгээс нь “Батцэцэг эгч ээ, би таны хэлсэнээр ажлаа өгөөд шалгуулж байна. Таны тухай болж бүтэхгүй, хууль зөрчсөн мундахгүй асуудлууд нэгэнт үгдэрсэн тул өөрийн тань хэлж байсаныг сануулахаас аргагүй байна. Та хэл ам таталж, асуудлаа үл няцаах тул ажлаа өгч шалгуулна уу “гэдгийг зарчимлан тавьж байгааг сонсохоос аргагүй болжээ. Сонсохоос аргагүйгээр үл барам Д.Амарбаясгалангийн тавьж байгаа энэ шаардлагыг ард нийтээр Б.Батцэцэгт нэгэнт тавьж байна. Өч төчнөөн тэрбумын булхай, эрх ашгийн зөрчлийг баримтаар дэлгэсээр атал Б.Батцэцэг сайд харин ч бүр дээгүүр харан, намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэгчийн төрхийг үзүүлэх нь нэгэнт хуулийн засаглалтай орны хувьд байж болшгүй зүйл болсон нь хэн хүнд ойлгомжтой юм. Б.Батцэцэг одоо үтэр ажлаа өгөөд шалгуулах нь түүний нэгэнт уруудсан нэр хүндэд тустай.

Хэрэв ингээд үл тоосон, намайг ер нь яав л гэж гэсэн байдалтайгаа яваад байвал маш муухай жишгийг бий болгох нь. Юуны өмнө хууль хяналтын байгууллагууд Б.Батцэцэгийн өмнө юу ч биш юм байна гэдэг ойлголтыг ард түмэнд өгч байна. Саяхан Л.Бямбасүрэн гэдэг эмэгтэй тавин саяын хахуулийн хэргээр арав гаруй жилийн ял авсан нь нийгмээр нэг халаглуулсан. Гэтэл Б.Батцэцэгийн тэрбум тэрбумын зувчуулалд Монголын хууль хүчнийхэн нүдээ анин байх нь гайхалтай бөгөөд чухам үүнд л шударга ёс гэдэг нь нүүрээ буруулсан нь илт ялгагдан харагдаж байгаа юм. Б.Батцэцэгийн Гадаад яам, түүний бодлогыг сайн авч явсан нь хулгай булхайг нь дарах үндэслэл огт болохгүй. Гадаад яамыг нэр цэвэр Дамдины Цогтбаатараас эхлээд Б.Батцэцэгээс хамаагүй илүү аваад явчих хүн нэг бус.

Нөгөөтэйгүүр Б.Батцэцэгийн энэ хэтийдсэн байдал нь Монголын бусад хууль тогтоогч эмэгтэйчүүдийг муухай харагдуулж байна. Төр барих, шийдвэр гаргах түвшинд Монголын эмэгтэйчүүд нэр цэвэр байгаа. Тэднээс хулгай булхай барагтай үнэртдэггүй, тиймд холбогддоггүй. Гэтэл Монголын парламентад эдүгээ дэвшил болж сонгогдсон анхны 32 эмэгтэйн нэр цэврийн зарчимд Б.Батцэцэг хатагтайн зарчимгүй асуудлууд харшилж, тэднийг муухай харагдуулж байгаад бодит дүгнэлтийг хаана хаанаа хийж байгаа билээ. Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удаа дараа хуулийнхан, прокурорыг зандран “Хулгайчдыг гавлаад яв” гэдэг бичлэг нь бий. УИХ дахь хулгайч зэлгийчдийг зайлуулна гээд хууль санаачилчихсан байж байгаа. Энэ бүхэнтэй нь Б.Батцэцэг гэдэг эмэгтэйтэй холбогдоод байгаа баримтууд зөрчилдөөд байгаа.

Энэ хатагтай баримтыг тавьсан сэтгүүлчдийг буруутгаад, тэд нь энэ баримтыг няцаагаад аль ээ гэж хэлэн, хэлэх үггүй болгосон өдөр хоногууд үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал , Их хурлын дарга С.Бямбацогт нар ч Б.Батцэцэгтэй холбоотой булхайн баримтуудыг эс харсан мэт байх нь ард түмний дургүйцлийг гүнээ хүргэж байна. Ийм зарчимгүй, хулгай, булхайтай УИХ, Засгийн газар нийцээд, нийлэмжлээд байвал Монголд хэнээс шударга ёсыг нэхэх вэ гэдэг асуудал маш хүчтэйгээр тавигдаж байгаа юм. Ийм учраас Монголын ард түмний шударга ёсны үнэлгээг үндэслэн Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт хэрхэн ямар хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Н.Учрал, спикер С.Бямбацогт нар хэрэгжүүлж шийдэхээс аргагүй болжээ.

 

З.НОМУНТӨГӨЛДӨР

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
1Пөөх