
Нямтайширын Номтойбаяр хэлж байна. Өөрийгөө гүйцэтгэх ажиллагаа явуулдаг асан, мэргэшсэн хүн гэдгээ хэлээд ярьж байгаа юм. Түүнийхээр Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хоёрыг ээрээд байгаа хоёр асуудал хоёулаа зохион байгуулалттай “муухай юм” болж байгаа юм байна. Энэ хоёр хүнд наалдсан, Н.Номтойбаярынхаар бол “нааж” байгаа асуудал угаасаа олиггүй юм гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.
Мэдээж, мөн Номтын хэлсэнчлэн, Ерөнхий сайдын гэр бүлийн тогтсон сургуулийнхан төрийн мөнгөнд өлөв долив гэхгүй нь, С.Амарсайхан ч мөн тэгж завхарсантай холиоцолдохгүй нь энгийн ухамсарын түвшинд, төрийн хүмүүсийн ёс зүйн наад захын хэм хэмжээ болохыг олон нийт ухан ойлгож л байгаа. Гэтэл яагаад ийм хоёр асуудал зэрэгцээ өрнөн, бүр “шидийг олж” байгаа нь ерөөсөө л эв нэгдэлгүйгээс болж байгаа юм. Төрийн тэргүүн Баян-Өлгийд оччихсон, эв нэгдлийг хангуулахыг үлгэрлэж явахад, төв нийслэл дэх улс төртун тусгүй л байна. Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайхантай холбоотой гарсан асуудалд зүгээр байхгүйгээ илэрхийлэх нь зарчим. Харин Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дэх ШШГЕГ, генерал Н.Намсаманд улс төртэй “холилдон” гарч ирэх нь системээрээ улс төрд хутгалдсан, ерөөс төр их бохир байгаагийн л илэрхийлэл болж байна.
Н.Номтойбаярын хэлээд байгаачлан, эл асуудлууд үнэхээр зохион байгуулалттай гэдэгт хэн эргэлзэнэ. Энэ хэт тодорхой. Жаахан цаашлуулж ярьбал, энэ бол ерөөсөө Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж МАН дотор өрнөж байгаа улс төрөөс үүдэлтэй. Үүнийг ч Н.Номтойбаяр хэлчихсэн байна лээ. МАН дотоод эв нэгдлээ нэг тийш болгож, зохион байгуулалтаа зөв болгоогүйгээс л энэ бүхэн үүдэж байгаа. Өнөөдөр МАН-аас Ерөнхийлөгчид дэвшинэ гээд хичнээн олон хүн тэмүүлцгээж байна, төчнөөнөөр л асуудал нь, хагарал нь гаарч байгаа нь хэн хүнд ил. Урьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудын урь эрт орж л байдаг, улс төр өрнөж, нэр дэвшигчид тодорч л байдаг. Гэхдээ ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж ингэж өрнөж байгаа шиг дуулиан шуугиан болж байгаагүй юм даг. Зуд болбол хуц ухнандаа гэж үг байдаг. Монгол Улсад, МАН-д болж байгаа эдгээр үйл явдлууд, улс төрийн тогтворгүй байдал нь Монголын ард түмэн, нийгэмд огтоос таагүйг үргэлж бичиж сануулав. Эвлэх, хамжих агуулгыг МАН-ын хийгээд АН-ын тодорхой лидерүүдэд улс орны тусын тулд сануулан өргөвч улс төрийн салхиа дийлэхгүй, төр хямарсаар байна. АН Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаа лавшруулсаар. Энэ нам улс төрийн хуучин намын хувьд зангарагтай байх ёстой атал улам л эв хавгүй, ургүй, ачлалгүй болсоор. Гэвч С.Баярцогт дарга нь “Ардын намынхан өөрсдөөсөө асуудлын горыг хайх хэрэгтэй” гэдэг агуулга хэлсэн байна лээ. Тэр үнэн.
Н.Номтойбаярын ярьсан, хэлсэнийг үзэхэд, Засаг төр тогтвортой байгаасай, эмхэрч нэгдээсэй гэдэг санаа дэвшүүлэлтэй нь тодорхой. Улс төрийн хэн бүр л тэгмээр байна л даа. Н.Номтойбаяр өөрөө ч МАН-даа эргэн орох хүсэлтэйн дээр үүнийгээ нуухгүй байна. Харин эв нэгдэл ярих замаар орж ирэх нь зөв гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ тэр гурван удаа МАН-аас хөөгдсөн, одоо уригдаж очвол л очмоор байна гэсэн утгатай үг хэлэх. Гэвч Монголын өнөөгийн улс төрийн зургийг харвал нэгэндээ урилга өгөхөөргүй л талцаастай байна. Урилга бол бүтэж болж байгаа айл гэрээс, шинэ айлаас, сайн үйлээс эхтэйгээр ирдэг зүйл л дээ. Н.Номтойбаяр бас ч гэж лидер мөн. Эвсэл бүтээгээд Их хуралд ороод л ирсэн. Одоо Н.Номтойбаяр урилга хүлээхийн оронд, Монголд, МАН-д хагарал цуурлыг анагаах “эм залж” чадвал жинхэнэ урилга тэр л дээ. Сайн домч хэзээд үнэ цэнтэй байдаг
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу