
Нийслэлийн Багахангай дүүргийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх хүч, уран мэхээ сорин барилдсанаас Ховд аймгийн “Ховд” дэвжээ, “Алдар” спорт хороо, ЗХ-014 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Заяатүшиг түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангалаа. Үзүүрт Ховд аймгийн Дарви сумын “Эв Монгол” клубын бөх М.Амартүвшин шалгарч, аймгийн заан цолны болзол биелүүлэв.
Харин барилдааны онцлох үйл явдал нь Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, “Ховд” дэвжээний залуу бөх Б.Өсөх-Ирээдүй ердөө 16 насандаа тав даван шөвгөрч, аймгийн начин цолны болзол хангасан явдал байлаа. Б.Өсөх-Ирээдүй нь бөхийн алдартай удамтай бөгөөд Улсын арслан Ванчинхүүгийн удам, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн заан Чинсүрэнгийн ач, мөн Ховд аймгийн арслан Чинсүрэнгийн Магваны зээнцэр юм.

Мөн тус барилдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын бөх, сумын заан Б.Золбаяр шөвгөрч, аймгийн начин цолны болзол хангасан байна. Шинээр цолны болзол хангасан хүчит бөхчүүддээ баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье.




