
Туг.мн сайт Олон Улсын хүүхдийн баярын өдрийг угтан "Тосон сүрчиг" брендийн контент менежер 16 настай Х.Энгүүнтэй ярилцлаа.
Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач
Сайн байцгаана уу? Намайг Х.Энгүүн гэдэг 16 настай аравдугаар ангийн сурагч. Би “Тосон сүрчиг” брендийн сошиал маркетингийн ажлыг хийдэг. “Тосон сүрчиг” бренд манай гэр бүлийн бизнес. Манай эгч фейсбүүк менежер, аав Швейцар улсаас оруулж ирдэг бол ах жолоочоор нь ажилдаг.
Анх энэ ажлыг хийж эхлэхэд хэцүү зүйл юу тохиолдож байсан бэ?
Анх эхэлж байхад би яг юу хийх ээ мэдэхгүй байсан. Постер бэлдэж мэдэхгүй. Багахан гацалтанд орж байсан. Дараагаар нь суралцаад, бусад хүмүүсийг хараад ингэвэл болдог юм байна гээд уншиж мэдэж суралцсаны эцэст өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа. Хамгийн хэцүү зүйл нь хүмүүсийг уйдаахгүй 1-2 минутад бүтэн бичлэгийг хүргэх. Эсвэл хүмүүс хараад “Хөөх” эднийх ямар гоё юм бэ гээд ороод харахаар постер бэлдэх. Эдгээрийг маш сайн хийж сурахад хэцүү байсан. Би одоо ч сайн болоогүй суралцсаар яваа.
Хэнийг харж бүтээлч байдал чинь нэмэгддэг вэ? Үлгэр дуурайлал авдаг хүн бий юу?
Бүтээлч гэхээсээ илүү харж эрч хүч авдаг хүн гэвэл Model’s академийн О.Билгүүн ахыг хэлнэ. Тэр ахын өөрийнх нь хийдэг бизнес саяхан сонсоход 27 ажил зэрэг эрхэлдэг гэж ярьж байсан. Тэрийг нь хараад их эрч хүч авдаг. Би энд хоёр зүйл хийх гэж шантрах гээд ядраад байхад тэнд 27 зүйлийг зэрэг хийгээд явах чадвартай байна. Тэр хүнийг хараад хэзээ ч шантарч болохгүй юм байна. Нэг зүйлийг нэг гэж бардаж болохгүй юм байна. Хоёр гурав дөрөв хэд ч байсан амжуулж болох юм байна гэж боддог доо.
Тосон сүрчигийг ирээдүйд ямар болсноор төсөөлдөг вэ?
Бид нар ингэж ярьдаг. Бүгдээрээ сууж байгаад хурал хийхдээ оруулж ирдэг компанийнхаа Монгол дахь төлөөлөгч нь болчихсон байх юмсан. Бид нар савласныг авчрах биш хүмүүс хүссэн газраасаа ирээд өөрсдөө савлаад авдаг тийм болгохыг мөрөөддөг. Аягүй гоё том дэлгүүрт хүмүүс хүссэн үнэртэнээ савлаж авдаг болчихвол гоё.
Аав ээж нь чамд юу гэж захидаг вэ?
Манай аав надад хэлэхдээ хэзээ ч өөртөө ханасан мэдрэмж битгий ав гэдэг. Мэдээж магтах үедээ магтана. Аавын хэлдэг үгнүүд чи ингэж амьдарч байхад өөр ертөнцөд өөр нэг хүүхэд яаж амьдарч байгааг хараарай гэж.
Үеийнхээ хүүхдүүдийг хараад ямар бодол орж ирдэг вэ?
Би аав ээжээсээ хэрэглээний мөнгө аваагүй хоёр дахь жил рүүгээ орж байна. Үеийнхнийхээ аав ээжээсээ мөнгө аваад л, үрээд л байхыг харахад тэдгээр хүүхдүүд аав ээжгүйгээр биеэ даах амьдрал руугаа ороход удах юм шиг санагдаад байдаг.
Өөртөө тийм хэцүү зүйл үүсгэж байснаас эртнээс биеэ даагаад аав ээжээсээ санхүүгийн байдлаа тусгаарлах гээд үзээрэй. Ер нь аав ээжээсээ санхүүгийнхээ байдлыг тусгаарлавал аав ээжид чинь ч тустай. Чамд ч ирээдүйд бодоход би тэдэн настайдаа санхүүгээ тусгаарлачихсан шүү гээд бахархмаар санагдана. Тэр бахархалаа өөрийн хүүхдүүд, дүү нартаа ярьж эхлэх учраас амьдралын зорилготой, мэргэжлээ зөв тодорхойлоод гэр бүлдээ дарамт болохгүй дэм болж амьдраарай гэж хэлмээр байна.
Мөн багаасаа хөдөлмөрлөөд өөрийн ирээдүйн амьдралдаа хөрөнгө оруулалт хийгээд залуу байгаа дээрээ олон мэдлэг чадварыг өөртөө суулгаарай.
Настай хүмүүсийн залуусыг няцаасан сэтгэхүйг юу гэж боддог вэ?
Ингээд харахад энэ залуу туршлагагүй, залуу хүүхдүүд юу хийж чадхав дээ гэдэг. Эмч дээр жишээ авахад настай хүн эмчид үзүүлэхдээ энэ залуу эмч чадваргүй байх арай хөгшин эмч дээр очиж үзүүлье гэх ч юм уу. Тэр бол биш. Манай аав ээжийн хувьд намайг хайрцаглаад байдаггүй. Аав ээжтэйгээ өөрийн үзэл бодлоо чөлөөтэй солилцдог. Хайрцаглах гээд байдаг хүмүүст чадварыг хэдэн ч настай хүн хүлээж авч чадна. Бага насандаа олон мэдлэг чадварыг бий болгоод үеийнхнээсээ түрүүлж яваа залуус олон байдаг. Тийм учраас залуу үедээ боломж өгөөд ямархуу болж хөгжиж байгааг нь харж байгаарай гэж хэлмээр байна.
Чи ямар зорилготой вэ?
Ирээдүйн зорилго гэвэл би багадаа мөрөөдлийн дэвтэр дээрээ зорилго оо бичиж байсан. Тэрийгээ эргээд харсан бичсэн зүйлсийн тал нь биелчихсэн байсан. Биелээгүй үлдсэн тал нь юу вэ гэхээр би шүдний эмч болно гэсэн байсан. Шүдний эмч болох зорилгодоо хөтлөгдөөд явж байсан чинь миний шүдний эмч болох зорилго бизнесээ хийгээд эхэлснээс хойш буурчихсан байсан.
Тэгэхээр би ирээдүйд өөрийн гэсэн бизнес ээ эхлүүлээд хувийн шүдний эмнэлэг ээ байгуулна гэж боддог. Багын мөрөөдлөө зорилго болгоод биелүүлнэ гэж боддог доо.
Хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
Би бага насны хүүхдүүдэд уриалах дуртай. Инстаграмм дээр намайг олон бага насны хүүхдүүд дагадаг. Статусыг нь харахаар 12-15 насныхан дагасан байдаг. Нэг хийж эхэлсэн зүйлдээ хэн ч юу ч гэж байсан шантрахгүй байх хэрэгтэй. Түүндээ тууштай байж чадах юм бол өөрийнхөө үр дүнг хараад бахархах цаг ирэх учраас. Битгий шантраарай тууштай хичээсний үр дүнд том зүйлийг хариу болгож авах болно оо.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу