МОНГОЛДОООнцлох

Иргэний сэтгүүлзүй: С.Оюуныг Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулжээ

Хуваалцах:
Иргэний сэтгүүлзүй: С.Оюуныг Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулжээ

Иргэн Erdenetsogt Dorjpalam өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлснийг иргэний сэтгүүлзүй буландаа онцолж байна. 

Дэлхийн байгаль орчин тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Санжаасүрэнгийн Оюуныг Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулж шагналыг нь АНУ-ын Нью-Йорк хотноо гардуулсан нь жирийн монгол бүсгүй дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн эгнээнд нэгэнт багтсаныг харуулж байна.

Тус шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэж байснаас харахад Санжаасүрэнгийн Оюуны мэдлэг боловсрол туршлага одоогийн эрхэлж байгаа ажил алба нь аль хэдийн дэлхийн түвшинд хүрчээ.

Тухайлбал, Европын нэр хүндтэй Карлын Их сургуулийг 1987 онд дүүргэж дэлхийн шилдэг Кембрижийн Их сургуульд доктор хийнэ гэдэг хир баргын аав ээжийн охид хүүгийн чадал чансаанд багтаад байдаг зүйл биш.

Гэвч тэрээр дэлхийн боловсролыг чадлынхаа хирээр эзэмшсэн төдийгүй Монгол-Чехийн хамтарсан үйлдвэрт геологич, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн, дэлхийн толгой уул уурхайн Рио-Тинтод амжилттай ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан гээд бод доо.

Эзэмшсэн мэргэжлээс гадна 2014 онд Кенийн Найробид хуралдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар Санжаасүрэнгийн Оюуныг тус байгууллагын анхны Ерөнхийлөгчөөр сонгосон нь түүний мэдлэг дадлага туршлагыг дэлхий үнэлж эхэлсэн явдал байлаа.

НҮБ-ын Байгаль орчны ассамблей /United Nations Environment Assembly буюу UNEA/ нь НҮБ-ийн гишүүн бүх орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн байгаль орчны хамгийн том байгууллага бөгөөд Санжаасүрэнгийн Оюун Ерөнхийлөгчтэй тус байгууллагаас Агаарын бохирдлоос болж дэлхий дээр жилд долоон сая хүн нас барж байгаа гэсэн судалгааг албан ёсоор даяар олноо сонордуулж, агаарын бохирдол далайн хог хаягдал амьтны хууль бус наймаа зэрэг 16 зорилт шийдвэрийн хэрэгжилтийг С.Оюун дэлхийн түвшинд амжилттай удирдан зохион байгуулсан түүхтэй.

2016-2018 онд Санжаасүрэнгийн Оюун дэлхийн 180 гаруй орны 3000 гаруй усны байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн усны менежментыг сайжруулах үндсэн зорилготой Дэлхийн Усны Түншлэл /Global Water Partnership/ байгууллагын Ерөнхийлөгчөөр томилогдон амжилттай ажилласан төдийгүй одоо ч Оюун нь Green Growth Knowledge Platform буюу Ногоон хөгжлийн мэдлэгийн зөвшилцөл, Future Earth буюу Ирээдүйн дэлхий, International Environment Technology Centre of UNEP буюу НҮБ-ын Байгаль орчны технологийн төв зэрэг дэлхийн хэмжээний олон байгууллагад зөвлөх болон ТУЗ-д нь орж ажилладаг.

Доктор Санжаасүрэнгийн Оюун 2018 оноос өнөөг хүртэл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг хэрэгжүүлэх санхүүжүүлэх зорилготой дэлхийн Ногоон уур амьсгалын Сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байгаа нь монголчуудаас өнөөдөр олон улсын түвшинд эрхэлж байгаа хамгийн өндөр албан тушаал гэхэд хилсдэхгүй.

https://www.greenclimate.fund/.../oyun-sanjaasuren...

Дэлхийн банк, Валютын сан зэрэг гол гол байгууллагуудын тэргүүний суудлыг Америк, Франц зэрэг G7 их гүрнүүдэд дархлагдсан байхаас гадна НҮБ-ын ихэнх байгууллагын хүний нөөц санхүү буюу Админдиректор нар нь голдуу америкууд байдгаараа тэнд америкийн бодлого түлхүү хэрэгжиж тэдгээрийн Ерөнхий захирлын томилгоонд Америкийн байр суурь АНУ-ын Төрийн департаментийн оролцоо голлох үүрэг гүйцэтгэдэг.

Аугаа их хоёр гүрний дунд ардчилал эрх чөлөөний арал нь болж яваа бидний хувьд Атомын эрчим хүчний агентлагаас авхуулаад аль ч НҮБ-ын байгууллагын амбан суудлыг Америк тэргүүтний дэмжлэгтэйгээр амалж авах цаг нь нэгэнт болсон.

Тухайлбал, дэлхийн бүсгүй Оюуныхаа дээлийн захыг мушгиж дээр доргүй лоббидож НҮБ-ын орлогч, түүний төрөлжсөн аль нэг байгууллага агентлагийн Ерөнхий захирлын суудалд бодлогоор зүтгүүлж дэлхийн зуун чухал суудлын нэгийг тусгаар тогтнолынхоо зуун жилийн дараа Монгол Улс эзэгнэж чадваас улс төр дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлаа хангах барьцаа улам лавшруулах боломж дахиад нэг зуунд олдоно.

Олон улсын өндөр албанд бодлогоор томилогдсон хэнбугай нь ч үндсэн ажлынхаа хажуугаар албан тушаал алдар цол нэр хүнд хувийн харилцаа холбоогоо ашиглан өөрийн улсынхаа нэр хүндийг өргөх, маргаантай болон тулгамдсан асуудлуудыг аль болохоор улсдаа ашигтайгаар шийдвэрлэх, үндэснийхээ язгуур эрх ашгийг олон улсын түвшинд хаацайлж хамгаалах талаар лобби хийх хор найруулах зэрэг бичигдээгүй хуулийг дэлхийн түвшинд давхар зохицуулж эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын бас нэг баталгаа болж байдгаараа чухал ач холбогдолтой. ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-09-30 20:46:34

С.Оюун. Гайхалтай эмэгтэй. Их мөрөн дөлгөөн гэж.. Үнэхээр энгийн.. Баяр хүргьe !

Зочин
Сэтгэгдэл бичих