ТУГ ТОЙМОнцлох

Б.Пүрэвдагва эхнэрээсээ уучлал гуйх завгүй, эх адаггүй ажилд нэгэнт орлоо

Хуваалцах:
Б.Пүрэвдагва эхнэрээсээ уучлал гуйх завгүй, эх адаггүй ажилд нэгэнт орлоо

      Нийслэлийн хурлын төлөөлөгч Ү.Оюунзул гэгч эмэгтэй адуун цагаан шүдээ яралзуулаад хэлсэн. “Б.Пүрэвдагва бол Ардын намд үлдсэн цөөхөн нэр цэвэр улс төрчийн нэг”-ээ гэж. Нэр цэвэр нь ортой байж болох. Нэгэнтээ Ж.Энхбаярын гуч гаруй насандаа хэлж асан шиг одоохондоо ах нар шигээ идэж ууж, амжаагүй байх. За тэр цөөхөн үлдсэн гэдэг нь бол гарцаагүй үнэн. Угаасаа Ардын намд нэр цэвэр хүн өдрийн од болсон. Улс төрч гэдгийг нь бол Ү.Оюунзул тодорхойлохгүй. Ер нь Б.Пүрэвдагва гэж улс төрч тодорхойлогдоогүй. Харин, “Би унтаагүй явна”, “Би тогоотой тос руу үсрэн орж байна”, “Би Ерөнхийлөгчийн хүүхэнтэй нийлж явсан”, “Би хуримаа хойшлуулж байгаадаа эхнэрээсээ уучлалт гуйж байна”, “Над руу эрх ашгийн дуудлага бүү хий” зэргээр ойрын үед хэлсэн үг өгүүлбэрүүд нь улс төрчийн нь хувьд гарааны үгс юм. Чухам эдгээр үгсээс тэрбээр өөрийгөө тодорхойлуулж байна. Үнэлгээ үүсгэж байна. Тавхан үгэндээ танигдаад байна гэж үгийг монголчууд хэлж ирсэн. Таниж ирсэн, үүгээр шинжиж ирсэн дадал заншилтай улс. Чухам энэ үүднээс нь гарвал Б.Пүрэвдагва бол үнэхээр нялх байна. Том нам, том дарга нар 36 настай залууг хэрийн хүний мөрөөдөх боломжгүй суудалд сэгийтэл заллаа.

Ухна ишигний зовлонг ойлгохгүй гэж үг бий. Одоо Б.Пүрэвдагвын зовлонг ойлгохгүй асуудал их гарна. Ард түмэн ч, ажилд тавьсан дарга нарын зүгээс ч хотын дарга Б.Пүрэвдагвад ихээхэн ачаа үүрүүлнэ. Үүрэх гэж очсон гэж Ардын намынхан хэлээд, батлаад, ард түмний амыг бараг асуугаад чухам Б.Пүрэвдагва бол сод юм гэх хүрээний пи ар чимэглэл хийж заллаав биш үү. Б.Пүрэвдагва томилогдох үедээ, томилогдоод зүгээр л “Ах нарыг дагаж үрэгдэхгүй, Ардын намын буулгаар сэхэхгүй, төрийн зарчим барьж, төв төвшин, нэр цөвгүй хотынхоо төлөө зүтгэнэ, ард түмэн минь намайг дэмжээрэй, туслаарай” гэсэнсэн бол товир харагдах байв.

Гэвч нэгэнт тэгээгүйгээс хойш ингэж хэлэх хэмжээний өсөхийг ажлаараа, үйлдлээрээ л харуулахаас аргагүй боллоо доо. Суурь хүмүүжил, хүний өнгө нь бүлээндүү залуу харагдаж байгаа нь үнэн. Бас ч гэж юм бичдэг хүний үр, өлгүүлээд хөөвөл эх тал С.Буяннэмэхийнхний угшил буй юм байх. Хүний оюун санаа л бүгдийг бий болгоно доо. Х.Нямбаатарын ажлыг үргэлжлүүлж таарна, яагаад гэвэл Х.Нямбаатар ахалсан мөрийн хөтөлбөр,  гүйцэтгэлийг л харж нийслэлчүүд НИТХ-ыг сонгосон. Б.Пүрэвдагвын гэх сценари тэр сонголтод үгүй. Тийм нөхцлийн өнгөн дээр, одоо  Б.Пүрэвдагва эхнэрээсээ уучлал гуйх завгүй, эх адаггүй ажилд нэгэнт орлоо. Хот бол хөгжил. Тэр дундаа манай хотод маш их хөгжил шаардагдаж, эгшин хормооор шийдэл , гүйцэтгэл нэхэж байгаа.

Энгийн, хүний биеийн хэмжээ, өндрөөр, чацаар үзвэл Б.Пүрэвдагва Х.Нямбаатараас өндөр  нь илт. Бүр чацархуу. Гэхдээ хотын ажил, хотыг босгох ажлаар навтгар Х.Нямбаатар чухамдаа дэнхийтэл зүтгэсэн нь үнэн юм шүү. Намхан Х.Нямбаатарын дайны ажиллаад, түүний хэмжээний гүйцэтгэлийг хийчихэж, хөгжөөж чадвал жинхэнэ чац нь тэр л болно, Б.Пүрэвдагвын. Эзэмшсэн боловсрол, эрдэм мэдлэг бол ердөө туйпуу төдий зүйл. Түүгээр бий болгол, гүйцэтгэл өрж, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг л жинхэнэ арал чац юм. Б.Пүрэвдагваас ийм чац арлыг Улаанбаатарчууд нэхнэ, хариуцлагатайгаар.

Тиймээс Б.Пүрэвдагвад өсөх шаардлага маш их. Гэхдээ түүний өсөлтөөр л хот урагшилна гэвэл маш чамлалттай. Гэхдээ хүнийг шууд басаж үл болно. Ухаан дотор, ул дотор нь ямар чадал явааг үйлс нь л харагдуулна даа. Мөдхөн улсын наадам болно. Долдугаар сарын аравдаар. Чухам тэгэхэд Б.Пүрэвдагвад нийслэлчүүд дүнгээ тавьчихна даа. Байж болох хотын дарга, үл байх этгээд гэсэн хоёр сонголтыг тэнсүүлэхээр Б.Пүрэвдагва бээр У.Хүрэлсүх, Н.Учрал, С.Бямбацогт нартай наадмын төв асарт сууна.

З.НОМУНТӨГӨЛДӨР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих