НИЙТЛЭЛОнцлох

110 сая долларын асуудалд Л.Оюун-Эрдэнэ, З.Дашдаваа хоёр зэрэгцэж суугаад мэдээлэл хий!

Хуваалцах:
110 сая долларын асуудалд Л.Оюун-Эрдэнэ, З.Дашдаваа хоёр зэрэгцэж суугаад мэдээлэл хий!

     Ерөнхий сайд асан, нөхөр Л.Оюун-Эрдэнэ худалч хүнд “тэрэг” баримт АТГ-т аваачиж өгсөн. Хэвлэл мэдээллийнхнийг овооруулж байгаад мэдэгдэл хийсэн. 110 сая долларын авлига зувчааны тухай. “Бодь”-ийнхон нүүрсний оффтейк гэрээ хийсэний нэн даруй ийм хэмжээний мөнгийг бэлнээр гарган нэр бүхий улс төрчдөд саун, буудал, машины зогсоол зэрэг газруудад уулзацгаан тараасаан гэж барим тавим яриад, З.Дашдаваа даргатай АТГ-т “Шалгаж аль ээ” гээд эрэлхэгээр өгсөнөөс хойш маш их хугацаа өнгөрч  байна. Таг чиг.

Бүр бичлэгтэй, юутай хээтэйгээ байгаа шүү гэж баримтын бүрдэл яриад, Засгийн хэрэг эрхлэхийн сайд Б.Энхбаярыг энэ мөнгөнөөс дориухан хүртэлцсээн гэдгийг ч удаа дараа мэдэгдсэн билээ. Б.Энхбаяр нь “би аваагүй” гэсээр энэ хүрэв. Одоо Л.Оюун-Эрдэнэ мөнөөх баримтыг аваачиж өгөхдөө хэвлэл мэдээллийн армитай очсон шигээ мөнхүү армийг дагуулан очиж, энэ асуудал юу болсоныг , хэрхэн шалгагдаж байгаа, шалгагдаж байгаа юм уу, үгүй юм уу гээд олон асуултаар баримтаа магадлах шаардлагатай болжээ. Ингэхдээ АТГ-ын үүдэнд очоод нэг комиссар гаргаж, “гаргуулж” ирээд асуух бус, бүр АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваагаас нүүр тулан асуух хэрэгтэй болжээ.

Ингэхгүй бол ард түмэн маш их эргэлзэж эхэллээ. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ үнэн бус баримт өгсөн юм биш байгаа гэдэг эргэлзээ. Улс төрийн эгзгийг ашиглан, өөртөө давуу байрлал олох үүднээс ийм зүйл хийсэн юм биш байгаа гэдэг бас нэг эргэлзээ. Хоёрдугаарт, Л.Дашдаваа яагаад энэ асуудлыг одоо болтол шалгаж байгаа эсэхээ бодьтой мэдээлэхгүй байна вэ. Л.Оюун-Эрдэнэ энэ хоёрын хооронд ямар нэг тохироо байна уу, З.Дашдавааг Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал болгон албанд улираан томилсон шүү дээ гэдгээс үүдсэн бас нэг эргэлзээ. Мөн З.Дашдаваа улс төрийн том дарга нарын дунд мунгинаад асуудлыг царцаагаад байна уу гэдэг асуудал  байна.

З.Дашдаваа бол хүссэн хүсээгүй Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гурваас анх хамаарлан энэ албанд очоод эдүгээ долоо дахь жилдээ АТГ-ын даргын алба хашиж байгаа хүн. Нөгөөтэйгүүр анх нүүрсний хэрэгт нэг генерал тэргүүтэй 17 хүнийг зарлаж байв, З.Дашдаваа даргын албат цэргүүд. Тэгээд мөнөөх 17 нь сүүлдээ ямар ч хамааралгүй мэт болж өндөрлөсөн. Ийм ийм, эдгээр эдгээр маш олон эргэлзээ тээнэгэлзээ ард түмний дунд үлдэж, асуулт , хариулт, үйлдлийг хүлээж байгаа юм. 110 сая доллар гэдэг бараг дөрвөн зуун тэрбум төгрөг. Үүнийг улс төрчид хуваагаад авчихаж байна гэдэг бол маш ноцтой, үндэсний эмгэнэл, үнэн мөнийг нь заавал тогтоох ёстой асуудал.

Гэтэл одоо ингээд АТГ-т баримт гэгч нь хэвтээд байдаг, асуудал ужгирч, суларсаар. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ худал баримт өгч, хүн гүтгэсэн бол үүнийг нь З.Дашдаваа зарлах хэрэгтэй байна. Ард түмэн 110 сая доллар хулгайн замаар ороогүй юм байна гэж итгэг. Гэтэл Монголын Ерөнхий сайдаар таван жил ажилласан, сүүлийн он жилүүдэд хамгийн төгөлдөр мэдээлэлтэй байсан Л.Оюун-Эрдэнэ ийм худал зүйл ярьж, баримт зохиомгүй. Чухамхүү ийм учраас З.Дашдаваа, Л.Оюун-Эрдэнэ хоёр энэ асуудалд цэг тавимаар байгаа юм. Монгол оронд хууль ёс хэрэгждэг, шударга ёсыг сахиулдаг болоход энэ асуудал  зарчим , хэмжээ, итгэлцүүр болох ёстой.

З.НОМУНТӨГӨЛДӨР

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зо,ин 2026-06-02 13:04:19

Дашдавааг халж хамт шалгах хэрэгтэй. Шудрага ёс ярихаас цаашгүй.

Зочин
Сэтгэгдэл бичих