
Ерөнхий сайд Н.Учрал маань тариа хураагч машинд суучихсан, ихээ бодлогоширсон янзтай яваа харагдах. Түүнд бодох юм их ээ. Улс төрийн нь өрөгүүд, хүлээгдэж байгаа шалтгаан олон. Бодож л, эмхэрдэж л ард нь гарахаас аргагүй. Ардчилсан нам огцруулах бичиг зэхсэн, ер нь шалавхан огцруулая гэсэн шиг байдалтай байгаа. Н.Учралд, хувь хүнд нь асуудал алга. Ерөнхий сайд, эрх баригч намын даргын нь тухайтад Ардчилсан нам сөрөх “үүрэгтэй”, хэлэх үгтэй, улс төртэй. Жам л юм. Н.Учралд хувь улстөрчийн нь хувьд цэвэр байдал их байна.
Н.Учрал бол хувь улстөрчийнхөө, манлайлагчийн хувьд эрх ашгийн, идэж уухын шуналгүй нь ажиглагддаг. Он жилүүдийн мөчлөгөөр нь харвал, манай Ерөнхий сайдууд ямар нэг байдлаар хувийн эрх ашгаа улс төрөөрөө хангасан байдал харагдаад л байдаг. С.Баяр дарга гэхэд баалуулсаар л энэ хүрч явна. Н.Алтанхуяг гэхэд “агналтаас” салж чадахгүй л байна. Н.Учралын хамгийн давуу тал бол цэвэр байдал. Эрх ашгийн, аливаа улс төртэй булхайд үл автах шинэ үеийн гэгээн шинж Н.Учралд байдаг. Эрх баригч намын залуу даргын хувьд энэ бол маш сайн илэрхийлэл. Ардын намд ужиг байдаг авлигажсан дүр төрхийг Н.Учрал өөрчилж явааг нийгэм сайн анзаардаггүй байж мэднэ.
Ардын нам бол нийгмийн эрх ашгийн, нарийн ярьвал хэлхээ тогтолцоогоороо ихээхэн авлигажсан маягийн нам шүү дээ. Н.Учрал гэдэг дарга Ардын намын энэ илэрхий түгээмэл оёгийг анагааж яваа л залуу дарга харагддаг нь худал биш. Сайн юмны гэгээ хол тусдаг гэж үг байдаг.
Чухам энэ үед Н.Учралаас дөмөг удирдлага хайхад түвэгтэй. У.Хүрэлсүх үүнийг анзаарсан байх талтай. УИХ-ын дарга С.Бямбацогт Бельги, Люксембург улсуудад айлчилж яваа үзэгдэнэ. Энэ хоёр орон болбоос, эртний их тохьтой, эдийн засгийн хувьд тун бэлтэй л улсууд. Банкны тогтолцоо нь төгс Люксембург, улс төрийн стратеги гэдэг юм ярьвал Бельгийг дурдахаас аргагүй. Энэ утгаараа спикер С.Бямбацогтын айлчлалын агуулга өргөгдөнө. Спикер бол Төрийн эрх барих дээд байгууллагын дарга. Хорин дөрвөн жилийн дараа УИХ-ын дарга айлчилж байгаа бөгөөд, С.Бямбацогт спикер монгол иргэдийн визийн асуудлыг хөнгөвчлөхийг зорьж шавдуулсан нь онож л байгаа юм.
Нөгөөтэйгүүр тэрбум еврогийн зээл гэдэг “юм” Европийн хөрөнгө оруулалтын банкаас ам алдуулаатах шиг болсон нь мэдээж эерэг юм. Люксембургийн 22 сая еврогийн буцалтгүй тусламжаар Зүрх судасны төв байгуулах ажлыг яаравчлуулж, маргааш гарах сараас эхлүүлэхээр болж байгаа нь сайшаалтай. Нас баралтын шалтгааны дугаар нэг асуудал энэ зүрх судастай холбогддог улс шүү дээ.
Ерөнхий сайд маань ургац хураалтыг эхлүүлээд, гүйцэтгэх засаглалын ажлаа хийж л явна. Гэтэл Ардчилсан нам огцруулна гэдэг зүйл яриастай байгаа. Улс орныг жижигрүүлээд харвал айл орон л юм. Айл орон түвшин төлөвхөн байхад гэр бүл эвтэй, хөрөнгө орлого тогтвортой, айл эвтэй байх л чухал байдаг. Энэ өнгөөс үзвэл, улсын ашиг орлого арвин, улс орны улс төр эвтэй байх нь мэдээж чухал билээ. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь парламентын үүрэг. Эхний зорилт байх учиртай. Хоёрхон жилд гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын даргын нүүр үзээд явж байгаа нь тийм ч эерэг зүйл биш. Тэр тусмаа хэт тогтвортой төртэй хоёр том улсын дунд аж төрдөг бидэнд тогтвортой байдал л илүү тустай, өмөг юм. Арван сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төр өөрийнхөө шидийг, дүрийг харуулах нь тодорхой.
Гэхдээ хамгийн чухал нь улс төр, Засгийн газар тогтвортой байх нь Монголын түгээмэл эрх ашиг юм. Үүний төлөө У.Хүрэлсүх, С.Бямбацогт, Н.Учрал гэдэг гурван хүн, гурван дарга нэгдмэл бодолтой байх нь чухал юм. Байгаа нь тодорхой буй за. УИХ-д Засгийг огцруулая гээд бичиг ороод ирвэл спикерийн шандсыг сорьдог, чадлыг шалгах болдог. УИХ-д тав сонгогдсон С.Бямбацогтод Засгаа нэгэнтээ аврах чадал бүл байх л ёстой. Улсын гурван том даргын нэрийн эхний үсгийг өрбөл БУХ гэдэг үг болно. Монголын улс төрд эвийн БУХ их л чухал байгаа. Оюу толгой гэдэг айл Монголд чухал айл. Гэхдээ Монголын улс төрийг шилгээх гээд байдаг нь хэцүү. Г.Занданшатар Оюу толгойнхонд хатуухан үг хэлсэн, хэлэлцээр эхлүүлсэн, тэгсгээд унаж орхисон. Одоо Оюу толгойгоос ноогдол ашиг авчирна гээд байгаа Ерөнхий сайд Н.Учралд бодит сорилт ирэх нь тодорхой. Улайрна шүү дээ. Чухам энд л гэхэд Засгийн газар , парламент нэгдмэл байх ёстой. Асуудлыг шийдэгч засагт анхнаасаа сорилтууд ирдэг.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу