НИЙТЛЭЛОнцлох

Т.Аубакираа адлаж үл болно, Л.Оюун-Эрдэнээ ДАНХ гэж болохгүй

Хуваалцах:
Т.Аубакираа адлаж үл болно, Л.Оюун-Эрдэнээ ДАНХ гэж болохгүй

Т.Аубакир сайд “фашист” гэх хэрэггүй юм л даа. Яагаад гэхээр, нөгөө талд өөрийгөө еврей гэж хэлж байгаа юм шиг болчихож байгаа юм. Тэрэнд орвол, хатагтай М.Нарантуяад “Таныг энэ УИХ-д оруулж ирэх гэж Монголын парламент хэрхэн ажилласан билээ. Та Монголын нэгэн иргэн, тэгш эрхэт нэгэн хүмүүн. Т.Аубакир би мөн ялгаагүй, угсаа-үндэстэн өөр ч, адилхан Монголын иргэн, Нара та бид хоёр хүйсийн эрх тэгш нэгэн, Монгол гэдэг айлын хүүхдүүд бид бүгдээрээ” гэж учирлах ёстой юм. Тэгээд “Монголын парламентад таныг оруулж ирэх бололцоог, эрхийн боломжийг бий болгосон Иргэний нийгмийн байгууллагууд, зүтгэн ханалсан Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Д.Амарбаясгалан, Т.Доржханд, О.Цогтгэрэл тэргүүт олон намуудын төлөөлөлд л гүнээ талархах ёстой юм. Энэ бол таны эрхийг Аубакир минийхтэй мөн нэгэн адил хангасан Монгол төрийн бодлого, тэгш эрхийн бодлого” гэж “ичээж” байх ёстой юм л даа.

Гэтэл мань Т.Аубакир тэгсэнгүй, ширхэггүй л хандлаа. Ер нь Т.Аубакир алдаатай, хэлсэн ярьсандаа байдаггүй, уулзана гээд алга болдог, сахилга хариуцлагагүй ямар ч дутагдалтай байж болно. Хэдий тийм ч Монголын төр иргэн бүртээ тэгш нэгэн адилаар хандах Үндсэн хуультайн дээр, үндэстэн ястныхаа төлөөллийг төрийн эрх барих дээд түвшиндээ бодлогоор оролцоог нь үеийн үед ханган ажиллаж ирсний л уламжлалаараа Т.Аубакирыг эдүгээ сайд хийлгэн ажиллуулж байгаа. Энэ атал Нара М.Нарантуяа гишүүн түүнийг шууд бодлогын яамыг үл удирдуулмаар хэмээх нь огт зохисгүй бөгөөд ялгаварлан гадуурхалт болж байна. Монголын казахуудад асуудал бас байна аа байна, сэтгүүлч, урианхай бүсгүй Д.Гансаруул тэргүүтэн оршуулга ёслолын зан үйлийг цэгцлэх талаар шамдаж байгаа нь яав ч буруу биш. Нөгөө талд Нара гишүүний хэлээд байгаа Баян-Өлгий аймаг дахь урианхай, тува хүмүүсийн үндэсний цөөнх доторх цөөнхийн асуудал хүндэрсээр ирснийг харгалзан үзэж, зохист агуулгаар Монголын төр ажиллах ёстой нь гарцаагүй. 

Монгол бол нэгэн том айл. Нэг айл нэг айл гэдэг үндсэн сууриндаа багтах ёстой. Тийм хуультай, тэр нь МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Айлд сайн хүүхэд байхад, чих халууцуулах нь бас байж л байдаг. Гээд сайн хүүхдээ өргөж, саар байгааг нь тэнцүүлж, өргөх, тэтгэх замаар айл урагшилдаг. Энэ утга сэтгүүрээр монголчууд илүү улам бүр нягт байх учиртай юм. Тэгэх шаардлага өдөр бүр тавигдсаар байна. 

Түүх сануулсаар байна. Монголчууд халх ойрадаараа тэмцэлдэж, Монголын хоёр сод хөвүүн Занабазар, Галдан хоёр хоёул яаж зовов, Монгол тэр дунд яаж сульдав. Ердөө гурав дөрөвхөн зууны өмнөх явдал биз дээ. Энэ сульдааг хэн үүсгэсэн, хэн бий болгосон, ерөөсөө л МАНЖууд байсан. Цаг үе болгонд харийнхан Монголын эв нэгдэлд цав тарихыг , эвдрэлцүүлэхийг хүссээр ирснийг бүгд хатуу санах ёстой. Лүндээ Нямка хоёр хүртэл халх ойрадаараа “хагарч”, өмнөх сөгнөөтэйгээ шидэлцсэн түүхийг Монголын парламентын түүхийг мэдэгчид хэлнэ. Лүндээ Занабазараа өмөөрч, Нямка Галдангаа халхлаад явчихдаг байсан гэдэг. Тэр хоёрыг хагаруулах нэг бодлого яваад байсан байдаг. Энэ чинь л мөнөөх манж бодлого, харийнхны хар ангал отоод явдгийн илэрхийлэл. Монголчууд эдүгээ үнэхээр эвтэй баймаар байна. Нэгнээ хочилдог, доош нь хийдэг, муухай дууддагаа болих хэрэгтэй. Эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Иргэн Гонгоржавын Ганбат гэж хүн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд ДАНХ гэж хоч өгөөд, түүнээсээ үүдэн Шүүхэд дуудагдан торгуулсан, хариуцлага хүлээсэн байдаг. Монголчууд ингэмээргүй байгаа юм. Монгол бол нэг л том эв нэгдлийн данх-улс баймаар байгаа юм. Уг данхнаас Монголын эв нэгдэл, шударга ёс, иргэний чанартай амьдрал, дархлаа, тусгаар тогтнолын мод услагдаж байх ёстой.

Гэтэл ийм ДАНХАА бид бүтээж чадахгүй, үгтэж, уймарч, тэмцэлдэж байгаа нь маш харамсалтай. Өнөөдөр бид  казах монголоороо хагарч, ядуу хийгээд баянаараа талцан, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх төрийн институтиуд нэгнээ барьцаалан дарамталж, улс төрийн намуудыг дотор нь хагалах, цүүцдэх,  лидерүүдийг  эгнэгт дайсагнуулах  замаар хүчирхэг сөрөг хүчин байх боломжгүй нөхцлийг бүрдүүлсээр, системчилсээр байна.

Түүнчлэн нам төрийн удирдлагуудын дунд хов шингээж, хоронд утах арганд донтон тачааж байгаа нь гутамшигтай. Энэ бол Монголын нэгдмэл байдлын ДАНХ үгүй болох гээд байгаагийн илэрхийлэл баталгаа юм. Энэхүү Монголыг эв нэгдэлгүйдүүлж бусниах манж бодлого уул уурхайн салбарт, эдийн засагт  тод явагдаж байгаа.  "Чайна Энержи"  групптэй хийсэн нүүрсний хэлцлийг харчихья. Эхэндээ Засгийн газар хооронд нүүрсээ биржийн дундаж үнээр худалдаалахаар зөвшиж байсан ч, арын цаад үнэн нь  урт хугацааны гэрээ нэрээр олон улсын зах зээлийн үнээс асар доогуур агаад тонн тутмыг нь 53 ам.долларт хүргэж үнэгүйдүүлсэн нь шүүмжлэлээс булзах аргагүй.

Ингэж Монголын баялгийг ертөнцөд үгүй хямд үнээр урт хугацаанд баглаж, энэ ядарсан улс маань  тэрбум тэрбум ам.долларын  орлогоо алдсан луйврын шинжтэй гэрээ гэдгийг улс төрийн сортоотнууд нь, эдийн засгийн ширхэгтэй шинжээчид тодорхой дүгнэж байх жишээтэй. Өөрийн аж ахуйн  нэгжүүд болон бэсрэг экспортлогчдоо Уул уурхайн биржийн хуулиар дарлан, чухам мөнхүү биржээр нүүрсээ ашигтай зарахыг тулгах боловч, айлын төрийн өмчит компанид биржээ үл хэрэгсэн,  хаалттай гэрээний дагуу  баялгаа зөөхөөр боломжилсон нь "Манжийн маневрыг"-ыг хүлцэнгүй дагасантай адил юм. Монголын эв нэгдэл, эдийн засгийн ДАНХ-ны цорго ингэж гоожиж огтоос болохгүй л юм аа. Манж бодлогын нэн аюултай нь монгол хүн монгол хүндээ итгэх итгэлийг алдагдуулж, нэгнээ матан намнах,  талхлан дарах ялзралыг үлэмж намагшуулж байгаа явдал юм. Монголд өдгөө чухамхүү  хагарал бус эв нэгдэл, үндэсний туйлт зөвшилцөл, Монголын төрийн гүн голч, нэн ухаалаг бодлого тэнгис, тэнгэр мэт үгүйлэгдэж байна. Тольтоос хэлэхэд, эдүгээ бид Т.Аубакираа адлаж үл болно, Л.Оюун-Эрдэнээ ДАНХ гэж болохгүй. Манжийн зэтгэрт бодлогоос ямагт нэгнээ хамгаалах ёстой. Монголчууд дотроосоо нэгнээ хэмлэж биш, харийн хорлонт бодлогын эсрэг хамтдаа нэгдэж цул байх ёстой юм.

 

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих