
Дружба гэлцээд тохуурхаад байх. Үнэндээ Отгоншарын Батнайрамдал гэдэг залуугийн зүтгэлээр Оюу толгойн гүн буртаг, ОНТРЭ-гийн асуудлуудыг монголчууд засах тийшээ хандлагатай болчихоод байгаа нь үнэн билээ. О.Батнайрамдалын гэх хөдөлшгүй автортай 120-р тогтоол гэгч нь байж байгаа. С.Бямбацогт, Н.Учрал нар тэр тогтоолын хэрэгжилтийг хангачихбал улс оронд ихээхэн гэгээ татаад ирнэ дээ.
О.Батнайрамдал Н.Учрал спикерээр тэр тогтоолыг гаргуулсанчлан, одоо С.Бямбацогт спикерээр бас нэгэн тогтоол гаргуулмаар байна. Ер нь ч тэгэх шиг байна, ярьж хэлж байгаагаас нь үзвэл. О.Батнайрамдал сая УИХ дээр хэллээ. “Эрдэнэт үйлдвэр дөчин жил Монголыг тэжээсэн. Гэхдээ нэг ч удаа УИХ-д тайлан тавьж байгаагүй ээ” гэж. О.Батнайрамдал энэ үгээрээ “тайлан тавиулна” гэж хэлжээ. Оюу толгойд түүний олсон, ажилласан амжилт Эрдэнэтэд давтагдах талтай байна. Алга ташим явдал. Эрдэнэт үйлдвэр дөчин жил Монголыг тэжээхийн зэрэгцээ, авлигачдыг мөн тэжээж “бирд” болгосон юм. Хамгийн ойрын жишээ, Эрдэнэт үйлдвэрийг Стандарт гэгч банкинд барьцаанд тавьж, түүнээс үүдсэн хор хохиролд Монгол улс 40 сая ам.доллар төлснийг монголчууд мэднэ.
Чухам энэ жишээнээс л Эрдэнэт үйлдвэрт жинхэнэ, жинхэнэ шүү, аудит, тайлангийн асуудал хамгийн бодьтой яригдах ёстой. Үнэнтэй хамт.
Эрдэнэтийн 49 хувийг сахал хэмээх Д.Эрдэнэбилэг Оросоос авчрахаас өмнө бүр ч холион бантан байсны илэрхийлэл, хор хохирол нь тэрхүү 40 сая ам.долларыг улсын хөрөнгөөс гаргаж торгуульд төлсөн зэрэг бөгөөд ийм олон жишээг аудит, тайлан гарган нэхэн олох, үнэн мөнийг тогтоох боломжтой. Эрдэнэт үйлдвэрт очсон “эзэд” хэрхэн эрх мэдэлд хүрдэг, яаж цулайдгийг ганц хоёрхон жишээнээс харж болно. Эрдэнэтийн нэгэн цагийн “эзэн” Ш.Отгонбилэг гэж байв. Тэр хүн эхнэртэйгээ УИХ-ын гишүүн дараалан байж, сүүлд нь хөвүүн О.Содбилэг хүртэл УИХ-ын гишүүн болж байв. Мөн түүний дараа Ч.Ганзориг гэж Эрдэнэтийн “эзэн” байв. Энэ хүн сайд даргыг тувт хийж, эдүгээ түүний хөвүүн Г.Тэмүүлэн хэмээх хүн УИХ-ын гишүүнээр ажилласаар байна. Эрдэнэт үйлдвэрийн үе дамжсан эздийн үр төлүүд ингээд төрийн эрх барих дээд байгууллагад “эзэд” нь болоод ороод суучихаар яаж ч тайлан тавиулах вэ дээ, О.Батнайрамдал минь.
Тэр битгий хэл Эрдэнэтийн сүүлийн үеийн “эздийн” нэг Х.Бадамсүрэнгийн “охин” шахуу Д.Үүрийнтуяа гэдэг эмэгтэй одоо УИХ-д сууж байна. Энэ бүхэн бол Эрдэнэт үйлдвэр гэдэг их айлд “эзэд” болохын хүслэнтнүүдэд ямар их нөөлөг болдог, гагцхүү тэр нөөлгийн цаад ивээл, эдийн засаг нь чухам үнэнтэй эвлэрэхээр байдаг уу гэдгийг л нэхэн шаардах агуулгаар О.Батнайрамдал тийнхүү аудит хийх хэрэгтэй гэж хэлсэн байх. Эрдэнэтийн захирлууд бүх цаг үед идэж, уусан, Х.Бадамсүрэнгийн охиныхоо төлбөрийг төлөх, Д.Дорлигжавын Кипр рүү гулгуулсан зэрэг бол шүлс төдий. О.Батнайрамдал гишүүн ээ, урд өмнөхийг нь хаяя аа, сүүлийн нэг шинэ арван жилийг нь л ярья, бүхлээрээ Монголынх болсон арван жилийнхийг нь л ярья. Өмнөх нь буянаараа болог. Болсон нь борвиороо, түүхий нь түрийгээрээ гэж үг байдаг. Өмнөх идээчин уугаачдад нь шингэсэн бол тэгээд шингэг. Харин 49 хувийг нь Оросоос авчирсан Д.Эрдэнэбилэг, түүнтэй хамтарч үйлдвэрийг удирдаж ирсэн Х.Бадамсүрэн, Б.Шинэбаатар, Б.Эрдэнэбилэг, Д.Үүрийнтуяа, Г.Ёндон нараар одоо тайлан тавиулах нь шударга ёсонд нийцнэ. Сүүлийн арван жилд юу болсон, яасан, хэрхсэн, бүх балансыг эдгээр хүмүүсээс яриулж, аудит хийлгэж, нэг мөр цаана нь гарах ёстой.
Хөдөлмөрийн баатрууд хөдөлмөр хийхдээ хулгай хийгээгүйг нотлох ёстой. Л.Оюун-Эрдэнэ гэж хүн Ерөнхий сайд байхдаа хэдэнтээ онцгой байдал гэгчийг сүртэйгээр зарлаж, хугацаа сунгаад байсаны учир жанцангийн цаана үнэн бөгөөд хулгай байгаагүй эсэхийг нотлох ёстой. Чухам ийм учраас О.Батнайрамдал “Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн сүүлийн арван жилийн тайланг УИХ-д тавиулах сонсгол зохион явуулах, ил тод байдлыг хангах нь” УИХ-ын тогтоолын төслийг үтэр санаачилж УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барих хэрэгтэй юм. Шударга гишүүн Д.Үүрийнтуяа үүнд нэгдэж, хамжих биз ээ.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу