НИЙТЛЭЛОнцлох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо төрийн эв нэгдлийг сахиулах хэрэгтэй байна

Хуваалцах:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо төрийн эв нэгдлийг сахиулах хэрэгтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт очоод чухамдаа давс хужрыг тааруулав. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд гарцаагүй хэлэх ёстой үгээ хэлж, үйлдэх ёстой үйлээ гүйцээв. Түүний энэ үг, үйлдэлд үнэхээр алдаа байсангүй. Эрс шулуун, тов тодорхой, зарчим төгс байв. Чухамхүү ингээсэй гэдэг нийтлэг ард түмний хүсэл сонирхол байсаныг бүрнээ гүйцэлдүүлэв. Ингэж төрийн тэргүүн ажиллах, нийт ард түмний хүсэл эрмэлзэл, улсын эв нэгдлийг сахиулах нь тун таатай аж. Хамгийн гол нь улсын эрх ашиг, эв нэгдэлд туйлын чухал болох нь онц сайшаалтай.

Чухам Баян-Өлгий дэх ажиллагаа, томилолтын тухайтад Ерөнхийлөгчдөө үнэхээр өндөр оноо, дүнг ард түмэн тавьж байгаа биз. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын улс төрд болоод байгаа үйл явдалд мөн бодит дүгнэлтийг хийж байгаа биз, эв нэгдлийг мөн сахиулах нь гарцаагүй болжээ. Монголын улс төр ойрмогт үнэхээр “болохгүй” байна. Хэтэрхий эв нэгдэлгүй, дэндүү гунигтай үйл явдлууд өрнөж байна. Хууль зүйн сайд С.Амарсайхан,Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарыг тойрсон улс төрийн үйл явц, агуулга дэндүү тоогүй байна. Нэгэн рүүгээ сөрөг, шөрөг, шуурган зүү шидэлцэн, үгийн мууг хэлэлцэн, нийт ард түмний уур амьсгалыг дэндүү таагүй болгож байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн салбарын үйл ажиллагааны эмхгүйгээс, алдаанаас Ерөнхий сайдтай холбоотой таагүй мэдээлэл хөвөрч, энэ нь манай нийтлэг эрх ашгийг гажуудуулсан дуулиан шуугианаар өртөөлж ужгирсаар байгаа нь ямар утгагүй юм бэ.

Сайд Л.Энх-Амгалан ч асуудлыг зөвөөр ярихын оронд, өөрөө боловсролтой, учрыг олох ахмад хүн байж , өөрийн нь хариуцсан салбараас үүдсэналдаатай асуудалыг намжаахын оронд Өргөдлийн байнгын хороо руу үсчиж, А.Ариунзаяа нарын гишүүнийг “Түгжилмаа” гэлцэн сагсалзаж, өмөлзөх нь үнэхээр таагүй байна. Уг нь Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан нараас энэ улсын төрийн төвшин төлвийг үзэх учиртай, оройлох учиртай сэхээтнүүд бус уу. Гэтэл Л.Энх-Амгалан тийм буурийг үзүүлж чадахгүй, тэгж данагар тэнэгэр хандахгүй байгаа нь харамсалтай.

Хууль зүйн сайд С.Амарсайхан өөр рүү нь улс төрийн гал ноцоод байгааг Ерөнхий сайд асан Г.Занданшатартай холбож байх шиг байна. Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвших МАН-ын хорхойсогчдыг нэр хүнд, рейтингээрээ тэргүүлж байгаа мэдээ хоёрхон хоногийн өмнө явна билээ. Нөхөр Г.Занданшатар эв нэгдлийг илэрхийлэгч болох хүсэлтэй аваас эв нэгдлийн бамбар барьж, эв нэгдлийн агуулгыг дэлхээж гэрэлтүүлээсэй. Үнэндээ МАН, АН ялгаагүй Ерөнхийлөгч болох хүсэлтэнүүдээ хазаарлаж эс дийлэх бөгөөд эдгээр хүслүүд нь л улс төрийн галыг өрдөн, Монголыг муухай харагдуулж байгаа нь нууц бус. Чухам ийм учраас хэдхэн хоногийн өмнө “Монголын Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүсэгчдийг ёс зүйт С.Нарангэрэлийн дэргэд та бүхэн дэгдээхэй байна, ичицгээ” хэмээн бичсэн билээ.  Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын эрхээ  хамтатган барьж, олдой үзэл санаагаар аялах нь дөмөггүй. Бас л нэг Ерөнхийлөгч болох донтой хүн болж харагдаж байгаа. Дур эзнээ оловч, дүр эзнээ бүтээдгийг энэ хүн ер ухахгүй л зүтгээд байгаа. Уран баймаар, МАН-ын их бүдүүлэг алдаан дээр сүйхээтэйхэн улс төрийн мэх хиймээр, засмаар.

С.Баярцогт, Н.Алтанхуяг нар “МАН алдаагаа өөрсдөөсөө хай” гээд байгаа нь ямар ч эргэлзээгүй үнэн. Улс төрд болж байгаа бүх үйл явц МАН-аас үүдэж байгаа. Чухам энэ учир сүүлийн арван жилд улс төрийн тэргүүн эрэмбэд байж, МАН-аас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон Ухнаагийн Хүрэлсүх даргаас ард түмэн Монголын улс төрийн эв нэгдлийг сахиулж өгөхийг маш бодьтойгоор хүсэмжилж байна. Өнөөдрийн Монголын улс төрийн дээд түвшинд байгаа лидер биш гэхэд тэргүүлэгчид байгаа МАН-ын дал, наяад оныхныг эвлэрүүлж, цэрийг нь цээжинд, бөөрийг нь бөгсөнд болгох, төрийг түвшитгэх үүрэг өнөөдөр Төрийн тэргүүнд зүй ёсоор тавигдаж байна даа. Н.Учрал, С.Бямбацогт, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас өсгүүлээд Монголын улс төрийн эв нэгдлийг сахиулахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хамжин туслах ёстой. Монгол эвдрээд, эв нэгдэлгүй байх аваас Монголын сайн сайхны төлөөх цагийг л хомсолсоор байх болно гэдгийг хаана хаанаа хатуу анхаарах хэрэгтэй байна.

 

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих