НИЙТЛЭЛОнцлох

Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх Б.Түвшинд арми мундахгүй

Хуваалцах:
Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх Б.Түвшинд арми мундахгүй

     Бөхчулууны Пүрэвдорж хэрэг заргыг ярьсаар л байгаа. Эрх авбал МАН-ынхныг ачна гэдэг нэг үгтэй. Өчигдөр мань хүн “Бүлгийн даргын асуудал дээр С.Зоригийн хэргийг илрүүлэх, тэр хэргийн материалыг ил болгох хүнийг дэмжинэ” гэж хэлэв. Тэгж чадах хүнийг хариулж байгаагаас нь хараад мэдрэх чадвар надад байна гэж хэлээд бүлгийнхээ хуралд орсон. Гэвч түүний асуултад Х.Тэмүүжин, Б.Түвшин хоёр яаж хариулсныг мэдэх боломж олдсонгүй. Зүгээр, энгийнээр бодоход, хууль хүчин, эрх зүйг илүү мэдэхийн хувьд Х.Тэмүүжин дөнгүүр хариулах нь ойлгомжтой юм. 

Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн асуудлаар Б.Пүрэвдоржийн хэлээд байгаад муу бус хариулсан байж болох ч, Бүлгийн даргын эцсийн өрсөлдөөнд Б.Түвшин яллаа. Б.Түвшин Бүлгийн дарга болоод хэлсэн эхний үг “Ард түмнийг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ”.  Энэ үгийг Монголын улстөрчид эдийн засгийн тогоо цоортол хэлээд удаж байгаа. АН-ын бүлгийн шинэ дарга Банзрагчийн Түвшин өөрөө эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн хүн. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүн байна. Өлөв долив хийхгүй, хулгай хийхгүй хүн гэлцэнэ,  иймд найдаж ядартлаа бид улстөрчдөдөө “царайчилсаар”. Энэ бол мөнөөх нохой засуулсан хүндээ янагийн гашууныг санагдуулах манай иргэд ардын эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй ядар дорой байдлаас ургаж байгаа үг яриа.

Монголчууд ингэтлээ ядарсан. Үнэт зүйл, үг чанар нь. Энэ бол улстөрчдөөс эхтэй уналт юм. Бүлгийн дарга Б.Түвшин  санхүүгийн бизнесээр өдий хүрсэн хүн. Тэр нэгэн үе хоёр гурван банк бус санхүүгийн байгууллагаар хүүлэл хийж байсан, эдүгээ ч ул эх нь байж байгааг хэвлэл мэдээлэл хэлж байна. Спикер С.Бямбацогт санхүүгийн байгууллагуудын хүүний дарамтыг бууруулах, иргэдэд нийцэмжтэй болгох талаар өөрөөс хамаарах бүхнийг шат дараатай хийсээр байна. Энэ үед чухам санхүүгийн бизнес, мөнөөх хүүний бизнесээр боссон, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн хүн АН-ын УИХ дахь бүлгийн дарга болж байгаа үйл явцыг хэрхэн харвал зохилтой вэ. Мөнгө бүхнийг дийлдэг нь, зарчмыг, ёс зүйг ялдаг нь Монголд тодорхой байдаг зүйл. Б.Түвшин хувь хүнийхээ хувьд аядуу, боловсон, зөв маягийн л хүн харагддаг. Ёс зүйтэй ч байх. Гэхдээ түүний хийж ирсэн бизнес, өдөлсөн бааз нь аядуу зөөлөн байсангүй. Тийм ч ёс зүйтэй, бас хүнлэг байсангүй. Харин ч ард түмний хүзүү, нуруунд буулга болж ирсэн санхүүгийн бизнесийн талбар байж ирснийг бүгд санах ёстой. Манайд улстөрчдийн хэлдэг үг хийдэг замнал нь өөр хоорондоо эрс тэрс байсаар ирсэн балай жишигтэй. Б.Түвшинг дарга болоход улс төрийн тогооны тэр балай “дотоод”, “гадаад” эрх ашиг явсан гэхэд их зөрөхгүй ээ.

Б.Түвшин хүссэн хүсээгүй, өнөөдөр, Монголын банкныхны, санхүүгийн бизнесийнхний төлөөлөл, илэрхийлэл , хүсэл зориг болж харагдана. Монголд, Монголын төрийн дээд оройд, бодлогод хамгийн их гар хүрдэг хүмүүс банкныхан л байж байгаа. Төмөр зам тавьдаг Д.Баясгаланг хар. Эрдэнэтийг авсан Д.Эрдэнэбилэгийг хар. Хөнгөлөлттэй зээлүүд түүж, бүх бизнесийн оргил болсон Ц.Баатарсайханг хар. Ийм л юм. Б.Түвшин эдгээр эрх ашиг, сонирхол нэг банк, банк бусынхны төлөөлөл. Б.Түвшин монголчуудыг үнэхээр л эдийн засгийн эрх чөлөөнд хүргэе гэж бодож байгаа бол эхлээд банкныхнаа цэгцэл, хүүг нь бууруул, хүнд хүртээмжтэй болго. 

Нэр дурдсан дээрх гурван банкны эзэнтэй нэг уулзаад харагдаатахаач. Монголын ард иргэдийг ертөнц дэлхийнхний эдэлж, хэрэгцээ болгодог тэр хорвоогийн ижил жишиг санхүүгийн эрх чөлөөнд л хүргээтэх. Мөнөөх 20 хувийн хүүг нь таслан цохиотох. Үүний тулд хамгийн түрүүнд өөрт тань туслах УИХ-ын дарга С.Бямбацогт байна, Монгол банкны дарга С.Наранцогт байна. УИХ-ын дарга байцгаасан, одоо ч төгс эрх мэдэлд байгаа Н.Учрал, Д.Амарбаясгалан гээд банк, санхүүгийн дарамттай үзэх хүсэлтнүүд өдий төдий байна. Б.Түвшинд арми мундахгүй. 

 

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих