НИЙТЛЭЛОнцлох

Нөмрөгийг сэргээхэд У.Отгонбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёр оройлж зүтгэх учиртай!

Хуваалцах:
Нөмрөгийг сэргээхэд У.Отгонбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёр оройлж зүтгэх учиртай!

Халх гол, Нөмрөгийн алтаар үнэлэшгүй сайхан газар нэгэнт үнсэн товрог болжээ. Монгол хүн бүр харамсаж байна. Ан гөрөө нь бүгд дайжиж, бүр хил дамнан одож, ерөөс тэр гайхалтай нутаг өгөр саарал ертөнц болж орхиж. Гэтэл “Мобиком” хэмээх айлын тэнд гал тавьсан хүмүүсээс гэмшлийн өчүүхэн ч гялаангүй мэдэгдэл гаргасанд олон түмэн туйлын дургүй байгаа нь маргашгүй. Ингэж болохгүй юм л даа.

Соёлт Японы хөрөнгө оруулалттай энэ компани монголчуудаас хангалттай ашиг хийж ирсэн атлаа ийм гэлмэггүй, ийм жишимгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Хил хамгаалах газрын мэдэгдэл ялгаа байхгүй. Үхээнц.  “Мобиком” компанийн өмнөөс аягүйдвэл Япон орон уучлал гуйж мэдэх юм шүү. Япон нэг захирал нь өөрөө тэнд явж байсныг бүгд харлаа. УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаярыг тэнд тэдгээр гал тавигсадтай хамт байсан хэмээн мэдээлж байв. Гэвч У.Отгонбаяр тэнд байгаагүйгээ албан ёсоор өчигдөр мэдэгдлээ. УИХ-ын чуулганд ирц бүртгүүлсэн огноо, цагаа харуулаад хэллээ. Энэ нь үнэн байна. Аа, харин мөнөөх галын асуудалд нэгэнт холбогдсон хэргийн эзэдтэй Сүмбэрт арга хэмжээнд хамт оролцсон нь мөн үнэн юм байна. Арга хэмжээ өндөрлүүт У.Отгонбаяр шөнөдөө нийслэлд ирж, мөнөөх цаад компанийн хүмүүс Нөмрөгт одсон нь ч зааглагдаж байх шиг байна.

Хэрэг явдал ийм болжээ. Одоо яах ёстой вэ. Мэдээж, мөнөөх хохирол гамшгийн хэмжээ, үнэлгээг нарийвчлан тогтооно. Буруутан хохирлоо төлнө. Юм юм болно. Хамгийн гол нь тэр гайхам нутаг дахин урьдын сайхнаараа сэргэх үү, сэргээх үү гэдэг асуудал л хамгийн чухал нь юм. Гишүүн У.Отгонбаяр хэдий өөрийн нь тойрог ч мөнөөх Нөмрөгт огт үзэж үзээгүй гэж байна. Одоо харин жинхэнээсээ очихоос аргагүй болжээ. Тойргийнхоо тэрхүү шатсан газарт очиж бодит байдлыг маш чухлаар үнэлж Нөмрөгийн дархан газрыг эргүүлэн сэргээхэд, ан амьтныг эгүүлэн нутагшуулах их үйлсийн шанг татахаас аргагүй болж. Харамсал дүүрэн мэдэгдэл гаргаад байгаа М.Бадамсүрэнг, мөн тэгээд Л.Соронзонболд, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, АН-ын Ш.Бямбасүрэн гишүүдээ, өөр дагуулах ёстой Ш.Ёл дарга,  хэн хэн ч байдаг юм  дагуулж очин уг газрыг ирэх хавраас яаж сэргээх вэ гэдгийг маш ултай үзэж, төлөвлөлт хийх хэрэгтэй. Үүний төлөө гадаад дотоод төсөл хөтөлбөр, байгалийг сэргээх ямар л дэвшилтэт боломжууд байна бүгдийг эрж, бүгдийг хөдөлгөх ёстой.

Л.Оюун-Эрдэнэ, У.Отгонбаяр нар  “Монгол цэргийн холбоог хөдөлгөнө”, “Хааны дүү Хасар уу” гэлцээд үзээд байдаг бил үү. Халх гол, Нөмрөгийн сав газрыг шатсаныг сэргээхийн төлөө та нар харин үзэлц, монгол цэрэг, юу байдаг юм бүгдээ хөдөлгөцгөө. Тэр их хүчээ хоорондоо биш, Сэцэн ханыхаа уул усны төлөө гарга. Ерөнхийлөгч ах У.Хүрэлсүх нь “Тэрбум мод” гээд яаж зүтгэж, яаж үгтэж яваа билээ. Нэр байна, хор байна, Хэнтий, Сүхбаатар, Дорнодынхон энд бүгдээрээ нийлж, бүлээн усаар угааж, хүчээ нэгтгэн зүтгэцгээх хэрэгтэй. Халх гол бол Монгол, Япон хоёр орны эвдрэлцэл болоод эвлэлийг бүтээсэн нутаг. Үүнийг санаж Халх гол, Нөмрөгийн дархан газрыг сэргээхэд шинэ эвлэлээр У.Хүрэлсүхийн дүү нар зүтгэхээс аргагүй болжээ. Зүтгэцгээ. Ард түмэн ингэж л хэлж байна. Зүүн аймгийнхан, нарийн ярьвал Ерөнхийлөгчийн “дүү” нар  түнжин муу байгаа. Тэгвэл Нөмрөгийн газрыг сэргээхээр нэгдэх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учрал ч оройлж болох шүү дээ. Хамгийн голлож зүтгэх ёстой хоёр хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээлтэй, дээлгүй дүү Л.Оюун-Эрдэнэ, У.Отгонбаяр нар байх нь гоё юм. “Тэрбум мод”-ын утга жанлавыг бодоод. Угаасаа Нөмрөгийн нутаг бол төрд зүтгэж байгаа эдгээр хүмүүсийн сахин хамгаалах учиртай сонгогч ард иргэд, тойрог захиргаа нь юм.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх