НИЙТЛЭЛОнцлох

Э.Бат-Үүл ганцаараа АН-ын бүлгээс илүү байна

Хуваалцах:
Э.Бат-Үүл ганцаараа АН-ын бүлгээс илүү байна

Гишүүн Батбаярын Жаргаланг Ж.Энхбаяр, З.Мэндсайхан, Л.Энх-Амгалан нар “бялба нүдэв”. Б.Жаргалан аргаа барж гомдоод амралтын өдөр нүүр хуудастаа дээрэлхүүлсэнээ, тэдний зохисгүй байгааг бичжээ. Б.Жаргалангийн түмэн зөв.

Б.Жаргалангийн ярьсан болгон зөв байсан. Тэгж ярих ёстой, тэгж зүтгэх ч учиртай. “Хонины найр” хэмээх кинонд “Тэр сайн сайхан чинь манайд л алга байна” гэдэгчлэн үглэсэн Б.Жаргалангийн өгүүлэхүйд Ж.Энхбаяр “Билгийн мэлмийгээ нээ” хэмээн сургаж байх бол үнэхээр тохуутай . З.Мэндсайхан гэж сайд сүр бараа ч ихтэй хүн юм. Ширүүн дориун төрхтэй ч хүн юм. “Жаргалан чи төсөв татуулдаг хэн бэ” гээд агсарч байна лээ. Эх орондоо хайртайгаа илэрхийлдэг З.Мэндсайханаас ОНТРЭ, Оюу толгой дээр хэрхэн эрүүл үзэгдэл, үйл явц үргэлжилж байгаа эсэхийг Б.Жаргалан учрыг нь олоод асуучих самбаа, зориг байгаа биз. Их хурцлагдаж байна гэж бичсэн харагдсан. Хурцхан ноцолдоод явчихад гэмгүй биз ээ. Боловсрол мэдлэг, шар хор бол Батбаярын Жаргаланд базаалтай л байгаа биз. Ер нь тэгээд, Ардчилсан нам үнэхээр олхиогүй нь дэндүү. Зөв юм ярьсан Б.Жаргаланг нь бөөрөлхөж, дээрэлхэж байхыг нь тоодоггүй юм байж. Ардчилалдаа, энэ эх орондоо З.Мэндсайханаас дутуугүй хайртайгаа илэрхийлээд сөрөг хүчин шиг сөрөг хүчнээ хийх их л зүйл харагдах юм даа.

Нөгөө нам нь хоорондоо үзэлцээд бүх идсэн уусан, алдаа эндүүгээ ил гаргаж, бөөр зүрхээ гаргалцаад тавганд тавьчихаад байхад сөрөг хүчин бүүр таг. Сөрөг хүчин гэж байгаа, Засагт багтаагүй нам гэж байгаа. Бүр нэг лойчихсон. Бүлгийн даргаараа шинэ хүн тавилаа. Тавигдсан хүн аанай л цаанаас тавигдлаа. Өөрөө бол хэн нэгэнд хамаарахгүй л гэж байна. Банкныхнаас, хүүлэгчдээс, дээд уулын өртөөнөөс гээд хам шинжүүд тодорхой л хүн байгаа. Б.Түвшинд  Г.Батхүүгээс сурсан бага сага сайн зүйл байх талтай. Г.Батхүү агсан бол ажилд зүтгэх, зохион байгуулах, үр дүнд хүргэх талаасаа нэн авьяаслаг хүн байсан. Одоо энэ Оюу толгой, ОНТРЭ дээр тоо мэддэг хүний хувьд, хүүллийг мэддэг хүний хувьд Монголын төлөө ярьмаар юм мөн ч их байгааг Б.Түвшин хамгийн мэдэхээр хүн дээ. Эдийн засгийн эрх чөлөөнд монголчуудаа хүргэхийн тулд эхлээд Оюу толгой, ОНТРЭ дээр л ард түмний эрх ашгийг нэгт тавьсан , тэгж үйлчилсэн шийдвэрийг Б.Түвшин гаргуулж чадаж байвал АН-ын Бүлгийн дарга Б.Түвшин тэр мөн болж таарна. С.Баярцогт байна. Оюу толгойн цагаан толгой билүү дээ ном бий байх, С.Баяр тэр хоёрын хамгийн сайн мэдэх. С.Баярцогт маань Оюу толгойн талаар хэл үг ер үгүй болж.

Оюу толгой дээр алдсаныг нь ард түмэн мэдсэн, С.Баярцогт бол бахархдаг гэдгээ орхидоггүй. Одоо тэгвэл ОНТРЭ гэдэг компанийн орд эзэмшлийн асуудал, татвар дээр, үйл ажиллагааны зохист агуулга дээр С.Баярцогт дарга хамгийн сайн дуугармаар байгаа юм. Тэгж намынхаа, сөрөг хүчнийхээ эдийн засгийн бодлогын эх загвар, өрнөл  дээр нар тусгамаар  байдаг. Тэгэхгүй юм. Ардчилсан нам Засгийг огцруулна л гэсэн, Д.Батлутыг огцруулна л гэсэн, энэ бүхэн зургийн луу, жаазтай түүх болох нь. АН бодлогоо явуулж чадахгүй байна, сөрөг хүчнээ хийж чадахгүй байна. Үзэл санаа, бодлого, үнэт чанарын хувьд АН-ын 42 гишүүн Э.Бат-Үүлийн дайтай дуугарахгүй л байна шүү дээ. Эрдэнэ зохиолчийн дал хүрсэн цагаан толгойтой хөвүүн тэгэхэд, ардчилал, эрх чөлөө, нийгмийн тэнцвэрийн төлөө өдөр бүр үгээ хэлж байна, бичиж байна. Тэр болгон нь үнэ цэнтэй. Элбэгээд нэг алдаа байна гэж хүртэл хүртээмжтэй бичиж байна. Энэ хүн бол Монголын ардчилалд сэрэмж, дархлаа, тэнхлэг болж чадаж байна бус уу.

Тэгэхэд сэтгүүлч хоригдоод хэлмэгдэж байхад, эрх чөлөөний эх уурхай АН яаж дуугарч байна, яаж илэрхийлэл үүсгэж байна. Таг паг. Нэр төдий ярьсан болоод улхайчихаж байгаа юм. Л.Гантөмөр нэг дуугарах шиг болсон. Улс төрийн нам сонгуульд ялах гэж оршдог. Хөтөлбөрөө, хэрэгжүүлэлээ биелүүлэх гэж байдаг. Ирэх он, түүний дараагийн онд болох хоёр сонгууль хүссэн хүсээгүй АН-ын цалманд бүрэн байж болох төлөвтэй. Гэвч тэд эрх баригчдын, их том хүний оосор дэгээ, мүглэнгээс ер гарч чадахгүй байсаар.

Канадаас Х.Нямбаатар хэлж байгаа юм. О.Цогтгэрэлийг чинь хөнтрөх гэж байна шүү гэж. Монголын тулах хоёр баганын нэг АН-ын дарга ийм хямд, ийм ширвээн төдийд үнгэгдэх бядгүй байж болохгүй. Авьяаслаг тоглоё, үнэхээр дан ганц АН-ынхаа чин эрмэлзлээр, сонгуульд ялах чин нот зорилгоор  зүтгэе хэмээн АН-ынхан нэгдвээс түмэн боломж байна. Тэр Б.Жаргалан чинь хэлээд байна биш үү. 205 их наядыг арван жил захиран зарцуулсан МАН юу хийв ээ гээд давтаад байна шүү дээ. Эндээс эхлээд л бодох хэрэгтэй юм. МАН бол үнэндээ АН-ыг “засаа руу нь нясласаар”, үрчиж  тоглон үнгэсээр. Энэ нь таатай байдаггүй юм бол АН босмоор, сэрмээр.

Үнэндээ бол  далан настай, цагаан толгойтой Э.Бат-Үүл ганцаараа УИХ дахь  АН-ын бүлгээс илүү харагдаж байна. Тийм хүчтэй байгаа юм. АН-ын УИХ дахь бүлэг харин түүнээс сул байгаа юм, нийгмийн эрэмбэ, үйлчлэл, чансаагаараа.   

 

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх