
Амралтын өдрийн ээлжит ярилцлагадаа бид энэ удаад АНУ-д оршин суугаа, мэдрэл судлаач С.Асралыг онцолж байна. Түүний хувьд эх орондоо бага сургуулиа төгсөөд коллежид суралцахаар алс холын Америк орныг зорьжээ. Эрдэм номын мөр хөөн Хавай мужийн Бригам Яангийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурч, харин төгсөх жилээ нөхөртэйгөө учран, бие давхар болсон нь түүний амьдралын эргүүлэг болжээ. Дижитал маркетингийн чиглэлээр амжилттай сурч төгссөн түүнийг “Ээжийн амьдрал” мэдрэл судлаач болоход хөтөлсөн байна. С.Асралтын хувьд одоо эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн онлайн сургалт явуулдаг.
Манай сайтын уншигчдад цаг заваа зориулан бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Таны ажил мэргэжлийн талаар яриагаа эхлэе.
Миний хувьд сургуулиа төгсөөд л ээж болчихсон. Хүүхдээ 2 ойтой, хөдөлгөөнд орж эхэлсэн үеэс юунд ч нь юм стрессдээд, маш их ядарч эхэлсэн. Тэгээд л хүүхэдрүүгээ уурлаж, өөрийн мэдэлгүй загнана. Энэ болгон нь надад хэцүү байв. Эхэндээ би хүүхдээ арай өөр арга барилаар хүмүүжүүлнэ гэж төлөвлөсөн байсан ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, нэг л мэдэхэд ууртай ээж болчихсон. Ингээд л хүүхдийн зан авирыг шинжлэх ухаанч байдлаар судалж үзэхээр сонирхож, мэдрэл судлалд анхаарлаа хандуулсан. Гэртээ байх хугацаандаа онлайн курс, көүчинг хөтөлбөрүүдэд хамрагдахын хажуугаар энэ чиглэлээр судалгаа хийж, өөрийнхөө карьерын хөтөч болгосон.
Хүүхэд хүмүүжлийн ямар ямар арга байна вэ? Эдгээрээс манай улсад тохирох жишээг хэлж өгөөч?
Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өндөр хөгжилтэй орнууд хүүхдийн хүмүүжлийн позитив парентинг арга руу шилжиж байна. Хүүхэд хүмүүжлийн үндсэн гурван аргыг би ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээе. Authoritarian буюу хүүхдийг ямар нэгэн алдаа гаргахад буруутгах, өөрөөсөө ичих, айлгах мэдрэмж төрүүлэх, хяналтдаа байлгах арга бий. Хүүхэдтэйгээ ийм төрлийн барилаар харьцвал аажимдаа харилцаа хөндийрч холдохын хэрээр ойлголцол үгүй болно. Харин эсрэгээрээ хүүхдэдээ бүх зөвшөөрлийг өгч, хэт дураар нь зөөлөн аргаар хүмүүжүүлэхийг Permissive арга гэнэ. Нэг талдаа байнга л томчуудын хяналтанд загнуулж, багаасаа трауматай өссөн хүмүүс би хүүхдээ тэгж өсгөхгүй гэсэн сэтгэхүйг өөртөө суулгаснаар энэ төрлийн аргыг барил болгочихдог. Сургалтанд маань хамрагдаж байгаа эцэг, эхчүүдээс ажиглагддаг. Хүүхдэдээ хүссэн бүх зүйлсийг нь зөвшөөрдөг, авч өгдөг, хэт дураар нь байлгадаг. Эцэст нь цөхөрч гүйцдэг. Өөрөө хэцүү байдалд орчихсон, хүүхэдтэйгээ яаж харьцах учраа олохгүй явж байна. Өндөр хөгжилтэй орнууд Positive parenting арга руу орж байна. Энэ нь манай монголчуудад илүү зохилтой. Эхний хоёр ойлголтыг хольж болохгүй шүү. Энэ арга бол шал өөр. Хүүхдээ хүлээн зөвшөөрнө, хайрлана, ойлгоно, хүндэлнэ. Гэхдээ хил хязгаарыг нь тавьж өгнө. Ийм ийм учраас чи энийг хийх ёстой, энэ нь чамд ийм нөлөөтэй гээд сонголт хийх эрхийг нь өгнө. Илүү уян хатан. Гэхдээ бүх зүйлд за гэж хэлэхгүй. Алтан дундажийг барина. Ер нь эцэг эхчүүд хүүхэд хүмүүжлийн нэг л арга барилаар явах хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлж байна гээд нэг зөвшөөрөл өгөөд, нэг үгүй гэж хатуурхаад байж болохгүй. Та юуг зөв гэж үзэж байна, юуг буруу гэж харж байна түүн дээрэээ бат байх тухай асуудал юм. Эцэг эхчүүд хүүхдийг дан ганц аз жаргалтай байлгах нь тэдний үүрэг биш. Хамгийн гол нь аюулгүй, эрүүл, зөв хүн болон төлөвшүүлэхэд анхаарах нь зүйтэй.
Загнаж, зандрахын оронд юмыг дандаа ойлгуулж, тайлбарлах маягаар хүүхдэд заахыг хэлж байгаа юм. Хүүхдээ тэрийгээ, энийгээ ингэж тэгэхгүй яасан юм гэж буруутгах биш, бүгдийг нь тайлбарлаж өгнө гэсэн үг. Би яагаад хийх хэрэгтэй юм бэ гэдгээ ойлгосон тохиолдолд хүүхэд аливаа зүйлийг илүү их хийх хүсэлтэй болдог. Ойлгохгүй байх тусмаа улам зөрүүдлэнэ.
Хүүхэд аав, ээжийгээ дуурайдаг гэдэг ш дээ.
Мэдээж хүүхэд төрсөн цагаасаа эхлээд байгаа орчин, эцэг эх, дуу чимээ гээд бүх зүйлээс шинэ мэдээлэл авна. Тархин дотор нь байгаа хэдэн зуун тэрбум эс шинэ юм сурах бүрт холбоос үүсгэнэ. Ингэж л бүх юмны үндэс суурь тавигдана. Тэгээд мэдрэлийн системрүү орно. Тархи мэдрэлийн системүүдээр дамжуулаад хүний биеийн бусад бүх хэсгүүдийг удирдана. Тархины урд хэсэг хүний сэтгэн бодохыг хариуцна. Энэ нь 25 нас хүртэл хөгждөг. Харин тархины дунд хэсэг нь хүний сэтгэл хөдлөлийг хариуцдаг. Сэтгэл хөдлөлүүд химийн бодис ялгаруулдаг. Ар талын хэсэг нь далд ухамсарыг хадгалдаг. Хүүхдийн амьдралын эхний 5 жилийн хугацаанд сэтгэн бодох хэсэг нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас далд ухамсар дээр суурилдаг. Эхний 5 жилийн хугацаанд хүүхэд маш их зүйл сурах боломжтой. Харсан, үзсэн, сонссон бүх зүйлээ ямарч шүүлтүүргүйгээр шууд хүлээж авч тархи руугаа хийдэг учраас тэр нь далд ухамсарт суудаг. Том болсон хойноо хэдий 5 нас хүртэлх зүйлсээ санахгүй ч гэлээ цаанаасаа сурсан далд ухамсарт нь суусан зүйлс гарч ирээд байдаг. Тэгсээр дадал, зуршлыг бий болгоно.
Бодож сэтгэж амжихгүйгээр шууд автоматаар гарч байгаа үйлдлүүд гэсэн үг үү?
Тийм. Тэр бол таны хүүхэд байхдаа эцэг эх, орчин тойрныхноо харж сурсан автоматаар суучихсан тийм программ гэсэн үг.
Та түрүүн хэллээ. Хүний тархины урд хэсэг 25 нас хүртлээ хөгждөг гэж. Гэтэл бид тархины хөгжил бүрэн гүйцээгүй байхад эцэг, эх болчихдог байх нь ээ?
Нүдээ нээж, чихээ онгойлгохгүй л бол хүн ер нь 99 хувийн далд ухамсраараа амьдарч, нэг хувийн сэтгэн боддог тархиа хэрэглэж байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч, таслан зогсоох хэрэгтэй. Нас залуу эуэг эх болж байгаа хэдий ч эцэг эх, өвөө эмээгээс үлгэрлэсэн хүүхэд хүмүүжлийн аргыг бид хүүхдэдээ ашиглаж болохгүй. Хүүхэд байхад томчууд нэг л ууртай байсан. Хүүхдээ загнадаг. Хүүхдэдээ уурладаг. Гэхдээ энэ уураа зохицуулах асуудлыг хэн ч тэдэнд зааж өгөөгүй. Одоо хүмүүс хүнийг насных нь байдлаас шалтгаалаад үеүдэд хувааж байна л даа. Миллениал үеийнхний хувьд хүүхдээ өсгөхөөс гадна өөрсдийгөө бүр эхнээс нь өсгөж, хүмүүжүүлж байгаа анхны үеийнхэн гэж тодорхойлж байна. 1981 оноос 1996 онд төрсөн хүмүүс англи хэл сурч сурах нь сурч, хуучин үеэс авсан траумагаа өөрсдөө эдгээж, шинэ үеэс сурч байгаа зүйлсээ өөрсөд дээрээ хэрэгжүүлж, хүүхдүүдээ мөн зэрэг хүмүүжүүлж байна. Өнөөдрийг хүртэл бидэнд хүүхдийг төрсөн цагаас нь авхуулаад хэрхэн харилцах, яаж хүмүүжүүлэх, өсгөхийг хэн ч зааж өгөөгүй.
Одоо тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ?
Хэдэн өдөр биш хэдэн сар жилээр нойр дутуу явах нь хүний сэтгэл хөдлөлийг зохицуулах, биеэ барих, тэвчээр гаргах зэрэг үйлдлүүдийг зохицуулдаг тархины урд хэсэг болох “Prefrontal Cortex”-ны ажиллагааг бууруулдаг. Үүн дээр нэмээд бага насны хүүхэдтэй хүний биеийн “Дохиоллын систем” буюу аюул осол, аваар, айдас зэргийг илрүүлж, таньж, зайлсхийх үүрэгтэй тархины “Amygdala” гэдэг хэсэг нь урт удаан хугацааны туршид байнга идэвхитэй явснаар хүн бараг галзуурахаас наагуур болдог. Яг ийм үед жижиг зүйлс дээр ч амархан уурлана, хүүхэд рүүгээ орилох, загнах нь өдөр тутмын хэвийн үзэгдэл болох явдал бий. Энэ нь таны хувь хүний зан ааш муу, буруу байгаад байгаадаа биш, үнэндээ түр зуурын тархи мэдрэлийн систем дэх баланс алдагдсантай холбоотой. Харин энэ үеийг үедээ зөв амьсгалах техник сурах, өөртөө анхаарах буюу усанд орох, халуун хоол идэх, аяга халуун цай уух, гадуур гарах, шоппинг хийх гэх мэтээр хөнгөн туулаарай. Мөн өдрийн тэмдэглэл хөтөлж, ойр дотны хүнтэйгээ утсаар ярьж стрессээ тайлах нь нэмэртэй. Хамгийн гол нь хүүхдийнхээ гаргаж буй зан авирыг уншиж чаддаг болчихвол маш их стресс, толгойн өвчнөөс ангид байлгаж чадна. Хүүхдээ өөртөө итгэлтэй сайн хүн болгохын тулд өдөр бүр эерэг үг хэлж байгаарай. Тэд аав ээжийнхээ хүүхэд болсондоо баярлана, тэрэнтэй хамт байгаа нь гоё гэдгийг мэдрүүлээрэй. Бас өөрт чинь ямар их тус болдог тэр хэмжээгээрээ ямар чухал болохыг нь, түүнд итгэдэгээ, хичээж байгааг нь харж байгаагаа, ямар ч үед үргэлж хайрлахаа, түүнийг хэзээд сонсож, ойлгоно гэдгээ мэдрүүлээрэй.




