Бидний хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицер ахмад Б.Мөнгөншагай нь албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.
Тэрээр 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1994-2002 онд Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургууль, 2002-2004 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийг “Зэвсгийн алба” мэргэжлээр төгссөн.
Ажлын гараагаа 2009 оноос Зэвсэгт хүчний 015 дугаар ангид салааны захирагчаар томилогдсноор эхэлж, 2010-2011 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид галын бэлтгэлийн багш, сургагч, 2011-2014 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид Зэвсгийн дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицероор томилогдон ажиллаж байсан юм.
Ажиллах хугацаандаа анги, салбарынхаа зэвсэг, багаж хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, чанар байдал, ашиглалт, хадгалалтад онцгой анхаарч, засвар үйлчилгээг тогтмол хийж, мэдлэг, мэргэжлийн арга барилаа дээшлүүлэхэд анхаарч ажилладаг шилдэг тэргүүний офицеруудын нэг байв.
Тэрээр Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөн, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад 2011 онд Монголын артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 12 дугаар ээлжинд бүлгийн даргаар, 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн II ээлжинд Зэвсгийн офицероор үүргээ гүйцэтгэж, төр, засгийнхаа итгэл, даалгаврыг амжилттай биелүүлсэн, туршлагатай Энхийг сахиулагч офицер байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Энхийн төлөө медаль, Афганистанд энхийн дурсгалын төлөө медаль, Африкт энхийн төлөө дурсгалын медаль, НҮБ-ын медалиар тус тус шагнасан билээ.
Ахмад Б.Мөнгөншагай нь төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ гүйцэтгэн, цэргийн сургалт, бэлтгэлд оролцож байхдаа алтан амиа алдсанд гэр бүл, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Талийгаачийн ажилч хичээнгүй, тусч, нөхөрсөг, төлөв даруу зан чанар нь бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ,
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 350 ДУГААР АНГИ