Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашин дотор амь хохирогч П өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед П-г 26 удаа хутгалж санаатай амь насанд нь хүрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Д.Буяннэмэхийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэн, гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэжээ. Түүнчлэн хохирогч П нь Д.Буяннэмэх рүү довтолж түүнийг араас нь түрүүлж хутгалсан гэх бөгөөд Д.Буяннэмэхийн биед тухайн үед аюултай хүнд гэмтэл учирсан болох хэмээн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Эдгээр болон бусад байдлуудыг анхан шатны шүүх нэгтгэн дүгнэж Д.Буяннэмэхийн үйлдлийг бусдын хууль бус халдлага, довтолгооны улмаас өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалт гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна хэмээн үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Харин хэргийг шийдвэрлэсэн хуулийн зүйл хэсгийг шинэ хуульд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
ТУГ.мн




























































































