
БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдэд өршөөл үзүүлэх аяныг энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр болжээ. Өршөөлийг хэрэгжүүлснээр хууль бусаар оршин суугчдад оногдуулах торгууль, шийтгэлийг чөлөөлөхөөс гадна эргэн ирэх эрхийг нь ч нээлттэй үлдээж байгаа юм. Харин өршөөлийн хугацаанд тус улсыг орхиогүй тохиолдолд таван жил БНСУ- руу нэвтрэх эрхгүй болох бөгөөд торгууль шийтгэл оногдуулах юм. Мөн өршөөлийн саруудад БНСУ-ыг зорих иргэдийн хувьд хүчинтэй паспорт, онгоцны тасалбартай байх шаардлагатай ба буцах өдрөө цагаачлалын албанд мэдэгдэх ёстой ажээ. БНСУ-ын Хуульзүйн яамны харъяа гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг танилцуулжээ. Судалгаагаар сүүлийн гурван жилд цагаач иргэдийн тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгдсэн дүн гарсан байна. 2010 онд 168.515 болтлоо буурсан бол энэ тоо нэмэгдсээр 2015 оны эхээр 208 мянга болтлоо өссөн. Энэ нь сүүлийн 7 жилийн доторхи хамгийн өндөр үзүүлэлт байна. Харин Монгол Улсаас тус улсад 30 гаруй мянган иргэн оршин суудаг. Жилд 50 мянган иргэн Солонгос улс руу гарах хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг байна. Эдгээрийн 95 хувьд нь виз олгодог. Гэтэл нэг сард дунджаар 360 хүн визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна. Солонгос улсад хугацаа хэтрүүлэн үлдэж байгаа улс орныг Монгол Улс тэргүүлдэг учраас визны нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг тус улсын Хуульзүйн яам авч хэлэлцдэггүй байна. Харин дээрхи аяныг эхлүүлж эхэлснээс хойшхи таван сарын хугацаанд нийт 28 мянган хууль бусаар оршин суугч БНСУ-ыг орхин явжээ.