
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдож буй сайд нартай танилцаж, асуулт хариулт үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв.
Тэрбээр, "Амаргүй цаг үе шинэ Засгийн газар байгуулагдаж байна. Олон зүйл яримаар байгаа ч хоёр зүйл асууя. Эхнийх нь Оюу толгойн гэрээний асуудал. Миний хувьд анхнаасаа гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байсан. Нэгэнт ашиггүй гэрээг өөрчлөх, цуцлах асуудлаа шуурхай, түргэн хийх ёстой. Шаардлагатай бол гэрээний үндсэн нөхцөлийг ч эргэж харах хэрэгтэй.
Энэ тал дээр Г.Ёндон сайдын байр суурийг сонсъё. Нөгөө талаас миний Ерөнхий сайд байхдаа гэрээнд хийсэн өөрчлөлтүүдийн эсрэг талд давуу тал үүсгэсэн гэдэг гүтгэлэг явуулсан. Анхнаасаа гаднын хуулийн байгууллагад мөнгө төлж бичүүлээд, түүнийгээ гадна дотнын шүүхэд өгөөд эхэлсэн.
Тэр нь ялагдаад эхлэнгүүт хүчтэй улс төржүүлж эхэлж байна. Нью-Йоркийн шүүхийн урьдчилсан шийдвэрээ нэхэмжлэгч талын эсрэг гаргаад, 12-р сарын 09-нд, Засгийн газар огцрох сураг ч байхгүй байхад нэхэмжлэгч тал заргаа татаж авсан. Яг л кино шиг. Нэгэнт ингэж улс төржиж байгаа хойно яг ямар зардлаар, ямар маргаан, хэн үүсээд байгааг ард түмэн мэдэх эрхтэй, мэдэх ч хэрэгтэй. Яг ямар албан тушаалтан энэ заргыг үүсгэж, буцаан татаад яваад байгааг мэдмээр байна. Хууль зүйн сайдыг мэдээлэл хийж өгөөсэй гэж хүсэж байна. Би гомдол гаргаж байгаа гэдгээ хэлмээр байна" гэлээ.
УУХҮ-ийн сайдад нэр дэвшигч Г.Ёндон: "Оюу-Толгойн гэрээний нөхцөлийг сайжруулах асуудал ахицтай явж байгаа. Нэлээд цогц байдлаар ажлын хэсэг гарч ажиллаж буй. Саяхан УИХ дээр танилцуулга хийх ёстой байсан. Тодорхой хугацааны дараа хийнэ. ТУЗ дээр мэргэжлийн залуу хүмүүс орж ирсэн, нэг хэлээд ойлголцож, их амар байгаа. Рио Тинто компанийн шинэ CEO-той уулзалт хийсэн, хатуу шаардлагуудыг манай талаас тавьсан. Стратеги байгаа учраас энд хамаагүй яриад байж болохгүй байх. Ер нь Дубайн гэрээг цуцлах, бусад асуудлууд дээр тодорхой байр суурийг илэрхийлээд явж байна" гэв.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу