
АНУ болон БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд өнөөдөр Аляскад уулзах бөгөөд дэлхийн тэргүүлэх хоёр гүрний харилцааны динамикийг тодорхойлох нүүр тулсан анхны уулзалт болох юм. АНУ-ыг төлөөлж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар, Хятадын талаас топ дипломатч гэгддэг Ян Жиечи, Гадаад хэргийн сайд Ван И нар уулзах аж. АНУ, БНХАУ-ын харилцаа нь олон жилийн турш таагүй байсан бөгөөд улам бүр дордох төлөвтэй байгаа. Хоёр улсын харилцааг "Хүйтэн дайн" гэж тодорхойлох нь ч ердийн үзэгдэл болжээ.
Байдены засаг захиргаанаас энэ сарын эхээр гаргасан гадаад бодлогын түр стратеги дээр "Хятад бол эдийн засаг, цэрэг, технологийн хүчээрээ АНУ-тай өрсөлдөхүйц цорын ганц өрсөлдөгч юм” хэмээн тодорхойлсон. Судлаачид ч гэсэн Хятад бол ЗХУ биш гэдгийг онцолж байгаа юм.
Зөвлөлт Холбоот Улсын ДНБ нь оргил үедээ АНУ-ын ДНБ-ий 40 орчим хувьтай тэнцэж байв. Харин БНХАУ-ынх арав хүрэхгүй жилийн дотор АНУ-тай ижил ДНБ-тэй болохоор байгаа. Хятад бол 19-р зуунаас хойш АНУ-д тулгарч байсан хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тиймээс судлаачид хоёр улсын харилцааг II Хүйтэн дайны тэмдэг биш, үнэн хэрэгтээ илүү аюултай сөргөлдөөний эхлэл ч байж магадгүй гэх таамаг дэвшүүлж байна. Хятад аль хэдийнэ АНУ-тай олон салбарт өрсөлдөгч болсон. Дэлхийн тэргүүлэх гүрэн болж хараахан амжаагүй байгаа ч цэргийн техникээрээ хэдийнэ АНУ-тай өрсөлдөхүйц болсон гэдгийг ажиглагчид онцолж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу