
Дэлхийн эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлийн хямрал сунжирч буй энэ үед БНХАУ дотоодын нийлүүлэлтээ эн тэргүүнд тавьж, аравдугаар сард экспортлохоор гэрээлсэн газрын тосны бүтээгдэхүүний зарим тээвэрлэлтийг цуцалжээ.
Цуцлагдсан тээвэрлэлтэд автобензин, дизель түлш багтаж байгаа аж. Цуцлагдсан тээвэрлэлтийн нийт хэмжээ, хүлээн авах ёстой байсан улс зэрэг нарийн мэдээллүүд нь одоогоор тодорхой болоогүй байна. БНХАУ-д пүрэв гарагаас эхэлсэн Үндэсний баярын амралт ирэх долоо хоногт дууссаны дараа тээвэрлэлтийг аравдугаар сарын эцсээр сэргээх боломжтойг эх сурвалж онцолжээ.
Хэдий тийм боловч ОХУ болон Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээл хомсдолтой тулгарсан энэ үед БНХАУ-ын экспортод гарсан аливаа саатлыг худалдан авагчид, арилжаалагчид анхааралтай ажиглах юм. “Sinopec Group”, “Sinochem” зэрэг Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын шатахууны экспортын дийлэнхийг хариуцаж, бүтээгдэхүүнээ голчлон олон улсын газрын тосны томоохон компаниуд, арилжааны фирмүүдэд нийлүүлдэг. Тэдгээр компани цааш нь Азийн бусад оронд дамжуулан борлуулдаг байна. Тус улс шатахууны экспортоор Азидаа тэргүүлдэггүй ч зах зээлд хомсдол үүссэн үед нийлүүлэлт нь чухал ач холбогдолтой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу