
Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэллээ. Тус тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч оролцож байна. Манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр (2022.02.05) уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж, эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.
Эрэгтэй -60 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд, -66 кг-ын жинд тэмцээний чансааны гуравт эрэмблэгдсэн, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, “Оюутны Универсиад” наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, -73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Одбаярын Уранбаяр нар хүч үзнэ.
Тэмцээний эмэгтэй -48 кг-ын жинд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, -52 кг-ын жинд тэмцээний чансааны тавдугаарт эрэмблэгдсэн, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, -57 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар хүч үзэх билээ.
Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээлснээр, манай улсаас энэ өдөр "Токио-2020" олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглох юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу