
Монголчууд бидний амьдрал жил ирэх тусам доройтсоор. Нэг хэсэг бүлэг нь хязгааргүй хөрөнгөжиж, эгэл ард нь дордсоор. Дэлхийд газар доорх баялгаараа дээгүүрт жагсдаг гэж аархдагч бодит амьдрал дээр иргэд нь ажилгүй, халамжинд живсэн, эрх мэдэлтнүүд төрийн мөнгөөр туйлсан ийм л улс болж.
Дундаж давхарга гэдэг зүйл Монголд бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Ажилтай нь өрнөөс өрийн хооронд арай ядан, хэрэглээгээ хангаж, ажилгүй нь халамжаа хүлээн хэвтэнэ. Авсан цалин нь татвардаа дарамтлуулж харамгүй хасагдана.
Хэрэв та хоёр сая төгрөгийн цалин авдаг бол нийгмийн даатгалд 11.5% буюу 230.000 төгрөг төлж 1.770.000 төгрөг үлдэнэ. Нийгмийн даатгалаас хасагдсан дүнгээс буюу 1.770.000 төгрөгөөс ХХОАТ /Хүн амын орлогын албан татвар/ 10% буюу 177.000 төгрөг суутгагдаж байгаа юм. Үндсэндээ 1.593.000 төгрөг гар дээр чинь үлдэж, нийтдээ хоёр сая төгрөгийн цалингаас 407.000 төгрөгийг ТӨР суутгаж авч байна.
Мөн үлдсэн 1,593,000 төгрөгөөр худалдан авалт хийх бүрт чинь НӨАТ /Нэмэгдсэн өртгийн албан татвар/ гэж 10%-ийг авч, улирлын эцсээр 2%-ийг нь буцаан олголтоор олгож, 8%-ийг нь ТӨР аваад үлдэнэ.
Мөн Дэлхийн банкнаас тавьсан шаардлагын дагуу энэ оны 1-р сарын 1-нээс НДШ /Нийгмийн даатгалын шимтгэл/ нэмэгдэж 12.5-13.5% болно. Авах хэдэн төгрөгөөс чинь дахиад хасагдана гэсэн үг.
Ийнхүү татвараас цугласан мөнгийг ТӨР бие даан шийдэж хувиарлалт хийн, улс орноо хөгжүүлэхийн оронд, нэр бүхий албан тушаалтнууд зээл нэрээр хувьдаа завшсаар ирсэн.
Тодруулбал, жирийн иргэдийн цалингийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар жилийн 12-15%, тэтгэвэрийн зээлийн хүү жилийн 10-12% байгаа бол, лизингийн зээлийн жилийн хүү 6-14% хувь байх жишээтэй. ББСБ /Банк бус санхүүгийн байгууллага/-тай ярих юм биш.
Тэгвэл эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хамаарал бүхий байгууллагууд ЖДҮ, Хөгжлийн банкнаас авсан зээлийн жилийн хүү 3-7%, эхний гурван жил үндсэн зээл төлөхгүй, зарим нь барьцаагүй зээл авчихсан байх юм.
Монголд эрх тэгш байдал, шударга ёс, хууль сахиулах ёс хэзээ тогтохыг Монголчуудын хэлдэгээр "БУРХАН Л МЭДЭХ БАЙХ"





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу