НИЙГЭМОнцлох

У.Хүрэлсүх: Архи эх орны минь хөгжилд чөдөр болж байна

Хуваалцах:
У.Хүрэлсүх: Архи эх орны минь хөгжилд чөдөр болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг нээж үг хэллээ. 

"Монголчууд эрт дээр үеэс эрчүүдээ өрхийн тэргүүн, түшиг тулгуур хэмээн хүндэтгэн ирсэн уламжлалтай. Эх хүнд элбэрэлтэй, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг эр хүн хэмээн өргөмжилж ирсэн. Одоо бид энэ уламжлалаа хэрхэн авч яваа талаар тунгаан бодох цаг иржээ.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх чиглэлд идэвхтэй явуулах шаардлагатай. Эрэгтэйчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж эх хүнийг эрхэмлэн дээдлэх учиртай. Эцэг хүн уур омог хэл ам хэрүүлээс ангид байж уул шиг түшигтэй, тэнгэр шиг тэнүүн байх учиртай. Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж бэлэвсэн эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь эрчүүд хариуцлагаа ухамсарлаагүй байгаагийн жишээ.

Монголчуудын бидний зовлонгийн нэг шалтгаан нь архидалт юм. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи биднийг ууж байна. Эх орны минь хөгжилд чөдөр болж байна. Өнөөдрөөс эхлэн Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө Эрүүл хүн - Архигүй монгол үндэсний хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Эх орон, гэр бүлээ гэсэн сэтгэл байдаг бол архинаас татгалзъя эрчүүд ээ. Бид хандлагаа өөрчлөх шаардлагатай болсон байна. Өнөөдрийн чуулганаар эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэж ажил хэрэгч олон санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан санааг бүрэн дэмжинэ." гэлээ. 

Үндэсний чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих