
“Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” аяныг аймгийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан өрнүүлж байгаа.
Цуврал үйл ажиллагааны хүрээнд бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлууд хийгдсээр байна. Энэ хүрээнд төслийн санаачлагч “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-аас эрхлэн гаргасан “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг аймгийн цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн 1000 хүүхдэд тарааж аянд хамрууллаа.
Дэлгэцийн хэтийдсэн хэрэглээний хор хөнөөлийг хүүхдүүдэд ойлгуулан бага наснаас нь эрүүл дадалд сургах, эцэг эхчүүдэд нөлөөлөн амьд харилцааг эрхэмлэхийг уриалах нь үйл ажиллагааны эрхэм зорилго юм
Энэхүү арга хэмжээ нь "багш-хүүхэд-эцэг эх" гэсэн гурвалсан холбоонд суурилан хэрэгжих учир СӨБ-ын багш нар “Дэлгэцийн донтолтоос бага насны хүүхдийг хамгаалах арга замууд” сэдэвт сургалтанд хамрагдаад байна.
Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан тус сургалтанд аймгийн нийт цэцэрлэгийн бэлтгэл бүлэг хариуцсан багш, аргазүйч, эмч гэсэн бүрэлдэхүүнтэй 137 хүн хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан багш нар “Дэлгэцээс холдуулах дадлууд” номын агуулгаар бяцхан шавь нартаа хичээл зааж, дэлгэц хэтрүүлэн хэрэглэхийн сөрөг нөлөөллийг ойлгуулах юм.
Аймгийн ЗДТГ-аас 2022 онд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд хийгдэж буй төлөвлөгөөт ажлуудын нэг болох “Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” аян 5-р сарыг дуустал үргэлжилнэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу