
Тээврийн прокурорын газраас 7 автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглосон юм. Тэгвэл тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.11/ товложээ. Хэлэлцүүлэг 13:30 цагт эхэлнэ.
Түүнийг 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.




