
Ногоон автобусны худалдан авалтын талаар АН-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:"Бидэнд ногоон автобусны талаар хагас дутуу мэдээлэл өгсөн. Шууд худалдан авалт хийсэн нь хулгайн гэрээ байж болзошгүй гэж үзсэн. Та бүхний санаж байгаагаар, 2022 оны арванхоёрдугаар сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн төсөв батлахдаа УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар 317 тэрбум орчим төгрөгөөр нийт 816 автобус авна гэж тусгасан. Үүнд, 606 дизель автобус,дунд оврын 50 автобус, цахилгаан 160 автобус, цахилгаан автобусны 41 ширхэг цэнэглэгч авна гэсэн. Гэтэл нэг сарын дараа 2023 оны хоёрдугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр тэрбум төгрөгийн зургаан автобусыг хасч, 810 ширхэг автобус болсон. Бараа бүтээгдэхүүний тоо, гэрээний үнийн дүн өөрчлөгдөх ёстой ч 317 тэрбум төгрөг хэвээр үлдэж, баталсан. Анхны урьдчилгаа төлбөр болох 82 тэрбумыг олгооч гэсэн хүсэлтийг Хотын дарга асан Д.Сумъяабазар Сангийн яаманд тавьсан байна.
2023 оны нэгдүгээр сарын 27-нд "Тэнүүн-Огоо" компанид давуу байдал бий болгож, 318 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтын гэрээ байгуулсан. Нийт таван удаагийн санхүүжилтийн эрх хүссэн хүсэлтийг Сангийн яаманд тавьжээ. Хоёрдахь удаад 12.5, гуравдахь удаад 17 тэрбум, дөрөвдэх удаад 11, хамгийн сүүлд 12.5 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Ийнхүү "Тэнүүн-Огоо" компанид 100 хувь 134.5 тэрбум төгрөгийг Д.Сумьяабазар шилжүүлж, нийт гүйцэтгэлийн хэмжээ 42 хувь байна гэсэн үг. Гэтэл 318 тэрбум төгрөгийн 82 тэрбум төгрөг тэр чигтээ дутсан. Эхний зургаан сард нэг ч ширхэг автобус нийлүүлээгүй байж урьдчилгаа мөнгө санхүүжилтээ авсаар байсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэн өгч, оронд нь Х.Нямбаатарыг томилсон. Гэтэл 2023 оны аравдугаар сарын 18-нд эхний А/1223 тоот захирамжаа гаргаж, зөрүүтэй 82 тэрбум төгрөгийн эхний гэрээг 100 хувь гүйцэтгэсэн гэж хаасан. Үүнээс харахад Х.Нямбаатарыг Д.Сумъяабазарын ногоон автобусны "бохир"-ыг цэвэрлүүлэхээр томилсон" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу