СПОРТОнцлох

МУГТ О.Насанбурмаа: Монгол тамирчид бэлэн гоймон, лапшагаа л иддэг

Хуваалцах:
МУГТ О.Насанбурмаа: Монгол тамирчид бэлэн гоймон, лапшагаа л иддэг

Парисын олимпод оролцож буй Монгол тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчгүй явсан нь олны бухимдлыг төрүүлээд байна. Энэ талаар МУГТ О.Насанбурмаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр “Манай бөхийн хөгжил бол гадаад оронтой харьцуулаад байхаар тийм ч хөгжилтэй биш шүү дээ.

Жишээ нь, би Японд хамтарсан бэлтгэлийн үеэр болон тэмцээний үеэр хэд хэдэн удаа очиж байлаа. Жингээ үзүүлсэн тамирчин болгонд зориулсан тусдаа хоолтой, хэдэн кг хассан, ямар хүч энерги зарцуулсан, тэр болгоныг нь тооцож, дутагдсан уураг, эрдэс, минерал багтсан зориулалтын хоол, бүр жижигхэн хөөрхөн нэртэй цүнхтэй.

Манайхан юу иддэг вэ гэж үү? Сайхан шуузтай бэлэн гоймон, монгол лапша, бүлээн бор цай тэгээд л тэр. Хэдэн килограм хасаад, хэчнээн минерал алдсанаа ч мэдэхгүй дэвжээн дээр нэг л их хожно гэсэн зорилготой. Дутагдсан эрдсээ нөхөж чаддаггүйгээсээ болоод олон тамирчин бэртлээс салахгүй байгаа юм шүү дээ.

Гаднын орны тамирчид өрсөлдөгчдийн судалгаа хийх гэж бүтэн баг ажилдаг шүү дээ. Бие халаалтын заалнаас барилдах дэвжээ хүртэл хоорондоо станцаар яриад, нэг жижиг өрөөнд 7-8 залуу суучихсан том дэлгэц дээр ганцхан хүнийг тал талаас нь бичлэг хийчихсэн ярилцаад, удаашруулж үзээд л, аль гар нь түрүүлж ирдэг, хэд дэх секундэд хөлөө хаана гишгэхийг нь хүртэл судалсан байдаг юм байна билээ. Баруун өрөө, зүүн өрөө, өрсөлдөгч тамирчинд ямар рефлекс байдаг, сул тал, давуу тал нь гээд л.

Манайхан яах вэ, хэдэн багш нартайгаа ярилцаад л хэдэн бичлэг үзээд л боллоо. Дэвжээн дээр ганц тамирчин барилдахад ард нь хэчнээн хүн байдгийг та төсөөлж байна уу? Бид шинжлэх ухааны үндэслэлтэй, тэгтлээ тултлаа хөгжиж чадахгүй ч гэсэн байгаа хэдийгээ дэмжихээс өөр аргагүй. Ёстой хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс яах вэ.

Солиод, сонгоод, шилээд байх олон тамирчин ч байхгүй, үнэндээ. Энэ хэд маань харин овоо үзээтэй байгаа нь яамай. Нэг жинд 2-3 сайн хүүхэд байгаа. Харин ч тууштай эцсээ хүртэл тэмцэж байгаа хэдийгээ магтдаггүй юм гэхэд доромжлохгүй л баймаар байна. Чөлөөт бөх бол асар хүнд спорт, ямар ч барьцгүй, гэнэтийн ялалт гэж байдаггүй юм шүү. Хэн бэлтгэлээ зөв тааруулсан, хэний мэдрэмж, сэтгэлзүй, ур ухаан сайн байгаа нь гялалздаг юм шүү дээ.

Манай хэдэн тамирчид хөөрхий минь татварын мөнгөөр зугаалж, олон газар орон үздэггүй юм шүү. Агаараар нь амьсгалдаг нь үнэн. Онгоцноос буугаад л буудалдаа очиж байрлаад л, тэмцээндээ төвлөрч байгаад, тэмцээн дуусахад ачигдаад эх орондоо ирдэг шүү” хэмээжээ.

Хуваалцах:
1Хаха
6Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих