
Хүчирхийлэл гэж юу юм? Энэ нэр томьёог задалж тайлбарлья. Хүчирхийлэл гэдэг бол “Эрх мэдлээ тогтоох, илт давуулан бусдыг илт сөргөөр, илт харгисаар эрхшээх үйл явц” юм. Хүчирхийлэл гэхээр цохиж занчих, гэмтээх эдийн засгийн эд материалын хохиролоос гадна хамгийн их хүнд хохирол бол сэтгэл санаа, оюуны эмгэг хохирол байдаг. Энэ хохирол барагтаа л барагдахгүй. Өнгөрөгч долоо хоногт “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” хуулийг хэлэлцэх байсан ч дахиад 7 хоног хойшиллоо. Энэ хууль хойшлох тусам муу ч үнэндээ энэ хууль яг хэрэгжихтээ тулвал учир дутагдал ихтэй. Гэсэн хэдий ч хууль үгүй болохоор мэдээж энэ чиглэлийн гэмт хэрэг зөрчлийн хэмжээнд шийдэгдэж хохирогч хохироод л явж байгаа.
Хүчирхийлэл хэзээ ч санаандгүй үйлдсэн, алдаа дутагдал байдаггүй. Хэрэв найз залуу чинь нэг удаа чимхсэн түлхэж, чанга базах тэврэх гэх мэтээр бухимдсан сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа бол хүчирхийлэл юм. Мөн хардалтын үүднээс байнга сэрдэх, өөрийгөө хууртагдаж байгаа утгатай доромж үгс хэлдэг бол энэ бол сэтгэл санааны хүчирхийлэл учир нь хийгээгүй хэргээр яллах нь таны ухамсар сэтгэцэд нөлөөлж байгаа. Энэ нөлөөлөл нийгмийн харилцаанд ороход тань саад бэрхшээл болж эхлэх нь удахгүй гэсэн үг.
Ажлын орчин дахь хүчирхийлэл
Гэр бүлийн хүчирхийллээс гадна олон нийтийн орчинд бид нэгнийхээ сэтгэл санаа оюуныг хүчирхийлдэг. Ажил дээр чинь өөрийн хэт хувийн асуудлаа дэлгэж өөрийгөө хэт их зовсон байгааг мэдрүүлэх гэсэн хүн байдаг уу? Байдаг бол тэр хүчирхийлэл үйлдэж байгаагаа мэдэхгүй л яваа. Олон улсад өөрийн асуудал бэрхшээлээ ойр орчмын өөрийн дотны хүрээлэл тэрчлэн найз нөхөдийн хүрээнд ярина гэдэг зохисгүй хэрэг байдаг. Учир нь бусдын сэтгэлийг сэвтүүлж гэмтээж байгаагаа ухамсарладаг байна. Харин тэд эмчид ханддаг. Эсвэл сэтгэлзүйн дэмжлэгийг зорилтот байгууллагаас авдаг.
Хүчирхийлэгч нэг өдөр гараад ирдэггүй
Зарим эцэг эхчүүд хүчирхийлэгчийг өсгөдөг. Энэ таагүй өгүүлбэр ч үнэхээр тийм байдаг. Хүүхдийн нас сэтгэлзүйн үе шатуудад таагүйгээр нөлөөлсөнөөр хүүхэд түрэмгий, хүч хэрэглэж зан үйлээ илэрхийлдэг болдог. Магад хайр үзээгүй хүн удирдах албан тушаалд гарахад ямар үр дүн гарахыг тааварлаж байгаа байх. Хүчирхийлэгч нэг өдөр гарч ирдэггүй тэд бэлтгэгдсэн байдаг.
Хандлагад нөлөөлөх
Хүүхдийн хөгжлийн үеүүдэд эцэг эх анхаарахын зэрэгцээ нийгмийн, эрүүл мэндийн, боловсролын байгууллагууд анхаарах, зөв нөлөөллийг өгөх. Бага боловсролоос дээд боловсрол хүртэл сэтгэлзүй, нийгмийн хэн байхад чиглэсэн сургалт хөтөлбөр хэрэгтэй байна.
Б.Шоовдор
www.tug.mn