
Датанд суурилан мэдээлэл бэлтгэдэг “Insider Monkey” сайт Дэлхийн хорт хавдар судлалын олон улсын сангийн мэдээлэлд тулгуурлан хорт хавдрын нас баралтын түвшин өндөр улс орныг эрэмбэлэхэд Монгол Улс тэргүүлсэн. Тэгвэл элэгний хавдраар өвчилж буй дөрвөн хүн тутмын нэг нь нүүрсний ислээс болсон гэх судалгааг Хавдар судлалын Үндэсний төвөөс АНУ, Сингапур, Франц, Испанийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн байдаг.
Тодруулбал, Элэгний хорт хавдар үүсгэгчийг молекул, генетикийн түвшинд шинжилсэн нэлээд өргөн цар хүрээтэй судалгааг Испани болон АНУ-ын судалгааны багтай хамтран хийсэн байна. Судалгаагаар 200 гаруй элэгний хорт хавдартай өвчтөнүүдээс дээж аван судалж, молекул, генетикийн түвшинд элэгний хорт хавдар үүсгэж байгаа шалтгаанууд юу байгааг нарийвчлан судалсан бөгөөд нэгэн шинэ нээлт маягийн зүйл судалгаагаар нотлогдсон нь хүнд металын хордлогын нөлөөтэй молекулын мутациуд бий болсныг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, түүхий нүүрс шатааснаас үүдэн гарах хүхрийн исэл элэгний хорт хавдар үүсгэгч шинэ хүчин зүйл бий болж, энэ зөвхөн монгол хүнд илэрч буйг тогтоосон байдаг.
Мөн элэгний хавдраар өвчилсөн дөрвөн хүн тутмын нэгд энэ шалтгаан давхар байгааг судалгаагаар баталсан байна. Товчхондоо утаанаас болж эс өөрчлөгдөж, тэр нь хавдар болж хувирч байна гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ нүүрсний шаталттай холбоотой 2А хорт хавдар үүсгэгч диметил сульфат (71хувь) хүрээлэн буй орчны бодист өртсөнтэй ихээхэн холбоотой хэмээн тодорхойлсон байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу