
Мэргэжлийн фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч М.Лхагвасүрэнгийн дурсгалт бүтээлийн үзэсгэлэн Монголын гэрэл зургийн түүхэнд мөнхийн ул мөрөө үлдээсэн эрхэм уран бүтээлч бол М.Лхагвасүрэн юм.
Тэрээр “Үнэн” сонинд олон арван жил ажиллахдаа Монгол орны нийгмийн өнгө төрх, улс төр, соёл урлаг, эгэл ардын ахуй амьдралыг гэрэл зургаар баримтжуулан үлдээжээ. 1970–2000-аад оны Монголын ард түмний амьдрал, хотын өөрчлөлт, үйлдвэрийн ажилчдын хөрөг, баяр ёслол, түүхэн үйл явдлын гэрч болсон түүний бүтээлүүд өнөөдөр бидэнд зөвхөн нэгэн цаг үеийн дүр төрхийг бус, Монголын нийгмийн уур амьсгал, сэтгэл хөдлөлийг бүтнээр нь мэдрүүлдэг. Он цагийн урсгалд түүний авсан зарим бүтээлүүд Монголын түүхийн мартагдашгүй мөчийг мөнхөлсөн байдаг.
Тухайлбал, 1981 онд анхны монгол сансрын нисэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ бууж ирэх агшныг тэрээр өөрийн дурандаа барьж авч, “Сансарын гараа” зэрэг бүтээлээрээ түүхийн гэрч болон үлдээсэн нь Монголын фото сэтгүүл зүйн хамгийн үнэт өвд тооцогддог.
Тэрхүү үнэ цэнтэй баримтат гэрэл зургууд олон нийтэд дахин хүрэхээр, тусгай үзэсгэлэн хэлбэрээр дэлгэгдэх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн түүний уран бүтээлийн цоморлиг бус, харин XX зууны Монголын нийгмийн амьд түүхийг гэрэл зургийн хальсанд шингээсэн өвийн нэгэн ховор боломж юм.
Үзэсгэлэнгийн онцлох хэсэг
Энэхүү үзэсгэлэнд 1970–1990-ээд оны Монголын нийгмийн олон талт дүр төрхийг харуулсан бүтээлүүдийг хүргэнэ. Үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн бахархал, эгэл иргэдийн өдөр тутмын амьдралын дулаан агшин, хотын өөрчлөлт хөгжил, ард түмний баяр ёслолын өнгө төрх гээд бүхий л дүр зургууд энэ үзэсгэлэнгийн цөмийг бүрдүүлнэ.
Хүндэт буланд
Монгол хүн сансарт нисч, эх дэлхийдээ эргэн ирсэн тэр түүхэн мөчийг мөнхөлсөн бүтээлүүд багтсан нь үзэгчдийн сэтгэлд мартагдашгүй дурсамж төрүүлэх нь гарцаагүй.

Цор ганц бүтээл
Мөнгөн хэвлэл Үзэсгэлэнгийн үеэр гэрэл зураг сонирхогчид болон уран бүтээл цуглуулагчдад зориулан silver print буюу уламжлалт “мөнгөн хэвлэл”-тэй бүтээлүүдийг дуудлага худалдаагаар санал болгоно. Мөнгөний галоген давстай цаасан дээр химийн аргаар гаргаж авдаг энэ хэвлэл нь гүн хар-цагаан өнгөний баялаг мэдрэмж, удаан хадгалагдах чанараараа дэлхий дахинд үнэлэгддэг.
Хязгаарлагдмал тоогоор, 5 болон 3 хувь хэвлэгдэх тул эдгээр бүтээлүүд нь дахин давтагдашгүй цуглуулгын үнэт эрдэнэ болон үлдэх юм.

Хэлэлцүүлэг ба Workshop
Үзэсгэлэнгийн хүрээнд:
• Хэлэлцүүлэг: “М.Лхагвасүрэнгийн баримтат бүтээлүүд” Салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд, уран бүтээлчид, шавь нар дурсамж, үнэлэлтээ хуваалцаж, баримтат гэрэл зургийн үнэ цэн, ач холбогдлын талаар ярилцана.
• Workshop / Case Study: Фото сэтгүүлзүй М.Лхагвасүрэнгийн гэрэл зураг авах арга барил, баримтат зургаа бичвэртэй уялдуулан нийтлэл болгон хүргэж байсан туршлага, фото сэтгүүл зүйн онцлогийг залуу уран бүтээлчид, оюутан судлаачидтай хуваалцах мэдлэгийн өргөн талбар нээгдэнэ. Урилга
Монголын мэргэжлийн фото сэтгүүл зүйн түүхийг бүтээсэн нэгэн үеийн эрхэм уран бүтээлчийн өвийг хамтдаа эргэн санаж, түүний гэрэл зурагт мөнхөрсөн нийгэм, түүхийн дүр төрхийг мэдрэхийг хүсвэл та энэ үзэсгэлэнг бүү алдаарай.
Хаана: Монголын Үндэсний Музей Хэзээ: 2025 оны 10 сарын 10–19
Зохион байгуулагч: Pixels / Gamma Photo Agency
Ивээн тэтгэгчид: Suuder. / Leica Camera Mongolia / Brussels Belgian Beer Cafe
М.Лхагвасүрэнгийн дурангаар мөнхөрсөн Монголын өнгө төрх өнөөдөр ч бидний зүрхэнд амьд байна.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу