
Венесуэль газрын тосны үнийн уналтаас үүдэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд нэрвэгдээд буй. Мөн инфляцийн төвшин нь гурван оронтой тоонд шилжсэнээс үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, эдийн засгийн хямралтай тулсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Үүнээс гадна ган гачгаас үүдэлтэйгээр ус, эрчим хүчний хязгаарлалт хийх болсон нь Мадурог Ерөнхийлөгчөөс огцрох хэрэгтэй гэх байр суурьтай иргэдийн тоог нэмэгдүүлээд байна.
Автобусны жолоочоос Ерөнхийлөгч хүртэлх замнал
Николас Модура ажлын гараагаа автобусны жолоочоос эхэлжээ. Харин олон нийтийн ажлаа Үйлдвэрчний эвлэлээс эхлүүлсэн байдаг. 70-80-аад онд тэрбээр Каракасын метроны жолооч нарын эрх ашгийг хамгаалж дуугардаг гол хүн нь байсан аж. Уго Чавесыг төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтэж, шоронд орсны дараа байгуулагдсан “Тав дахь улсын төлөө хөдөлгөөн” гэгчийг үндэслэгчдийн нэг нь Модура юм. Улмаар ирээдүйн удирдагчийг шоронгоос суллах, 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүх нөхцлийг нь энэхүү хүчин бэлдэж өгсөн байдаг.
Товчхондоо тэрбээр Уго Чавесийн гарын хүн нь болох гараагаа эндээс эхэлжээ. Улмаар төрийн албан тушаалуудад дэвшсэн. 2006 онд онгоцны тасалбарыг бэлэн мөнгөөр авсан хэрэгт буруутгагдан АНУ-ын цагдаа нарт баривчлагдаж байжээ. Түүнийг Чавес өөрийн залгамжлагчаараа зарласан билээ. Тэрбээр 1962 оны арваннэгдүгээр сарын 23-нд Колумбын Какута хотод мэндэлжээ. Улмаар гэр бүлээрээ Каракаст шилжин ирсэн аж. Хотын захын хорооллын барууны хэв маягтай сургуулийг дүүргэжээ. Ахлах сургуульд байхдаа Мадуро сурагчдын холбоонд элссэнээр улс төрийн карьераа эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр “Би хэтэрхий амбиц хөөсөн бол тэр үед амиа алдаж ч болох байсан” хэмээн дурссан байдаг.
Харин 1983 онд Хосе Висенте Рангелийн Ерөнхийлөгчийн кампанит ажилд түүний бие хамгаалагчаар ажиллах болжээ. Гэвч Хосе Висенте сонгуульд ялалт байгуулж чадаагүй юм. 1990 оноос Николас Мадуро зүүний чиг баримжаатай улс төрийн хөдөлгөөнд нэгдэж, улмаар тус хөдөлгөөний толгойлогч Уго Чавес 1998 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. Энэ хүртэлх хугацаанд Мадуро тус хөдөлгөөнд янз бүрийн ажил эрхэлж байжээ.
Уго Чавесын бие хамгаалагч, жолооч, нарийн бичиг, төсөл боловсруулагч, ухуулагч гээд түүний гар оролцоогүй ажил Венесуэлийн өнөөгийн Нэгдсэн социалист намд байхгүй гэж хэлэхэд ч буруудахгүй аж. Удирдлагын хүрээнд нэр хүндтэй болсон, ирээдүйтэй, зоримог Николас Мадуро 2000 онд Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдов. Улмаар 2005-2006 онд Ассамблейн даргаар ажилласан нь Уго Чавест ихэд таалагдсан байдаг. Удирдагч агсан нэгэн ярилцлагадаа “Би сайн бодсоны эцэст шийдвэр гаргадаг. Үүндээ үнэнч ханддаг хүмүүсийг үргэлж үнэлдэг. Мадуро бол миний найдвартай хүмүүсийн нэг” гэжээ.
Гадаад хэл мэддэггүй Гадаад хэргийн сайд
2006 онд Николас Мадуро Венесуэлийн Гадаад харилцааны сайдаар томилогджээ. Хамгийн хачирхалтай нь тэрбээр гадаад хэл огт мэддэггүй Гадаад харилцааны тэргүүн байв. Энэ нь түүнд багагүй саад бэрхшээл авчирсан ч Мадурог ажилласан хугацаанд Венесуэлийн гадаад харилцаа шинэ төвшинд гарсныг энд тэмдэглэх хэрэгтэй. АНУ, Европын орнууд Уго Чавес тэргүүтэй Засгийн газрыг хуучны коммунизмыг тууштай явуулж байгаад сэтгэл дундуур байсан ч Мадурогийн хэд хэдэн удаагийн айлчлал үр дүнд хүрч Вашингтон, Каракасын нефтийн худалдааг нэмэгдүүлж чаджээ. Тэрбээр Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаад 2013 оны аравдугаар сарын 13-наас Уго Чавесийг нас барах хүртэл Венесуэлийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллав. Түүнийг улсын хоёрдугаар хүнээр тодроход Уго Чавес өөрийнхөө залгамжлагчаар нэрлэсэн билээ.
Николас Мадурогийн эхнэр улстөрч
Николас Мадурог амжилтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол түүний эхнэр Силия Флорес юм. Өдгөө 64 настай тэрбээр 2006 онд нөхрийгөө Үндэсний ассамблейн даргын суудлыг орхиход түүний орыг залгасан. Силия Флорес 2011 он хүртэл Венесуэлийн Үндэсний ассамблейн анхны эмэгтэй даргаар ажиллажээ. Мөн тэрбээр Уго Чавесийн социалист өөрчлөлтийн багт ажиллаж, нам доторх болоод гадагш чиглэсэн олон үйл ажиллагааг тэргүүлэн зохион байгуулж байв. Силия Флорес 1992 оноос хойш Уго Чавесийг нас барах хүртэл түүний төлөө нохой мэт зүтгэсэн цөөхөн эмэгтэйн нэг гэдгээрээ нэр хүндтэй.
Николас Мадуро кампанит ажлынхаа үеэр телевизийн хөтлөгчийн “Та төрийн тэргүүнээр сонгогдвол юу хийх вэ” гэсэн асуултад “Миний хийх ажлын үндэс суурийг Уго Чавес тавьсан. Би түүнийг үргэлжлүүлнэ. Хүчирхэг, тогтвортой эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийг бууруулах хөтөлбөр сайжруулахад онцгой анхаарна. Мөн дотоодын тайван байдлыг баталгаажуулах шаардлагатай байна. Уго Чавес таалал төгссөн нь улс төр, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх ёсгүй” гэж байсан юм.

Тэрбээр удирдагч агсныг бодвол АНУ, Европт чиглэсэн арай зөөлөн бодлого баримтладаг. Учир нь Уго Чавесийн социалист мөрөөдлийн нэг хэсэгт “Өөрийн орны эрх ашгийг баримталж, зарим улстай дайсагнасан харилцаагаа зогсооно” хэмээх зорилт байв. Энэ бол Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Мадурогийн хэрэгжүүлэхэд дөхөм алхам ч байж магадгүй. Юутай ч гадаадад нэр хүндтэй тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас тийм ч амар буухгүй бололтой. Харин цэргийн генералуудад тавих хяналтаа нэмэгдүүлж байгаа нь зэвсэгт бослого гарахаас сэргийлэх боломжийг Мадурод өгч байна. Уго Чавес хорт хавдартай болсноосоо хойш цэргийн эргэлт хийж болзошгүй генералуудыг ажлаас нь чөлөөлж, өөрсдөд нь үнэнч хүнээр цус сэлбэсэн юм. Энэ боломж нь Мадурод чөлөөтэй алхах боломж олгосон гэсэн үг.
Венесуэлийн эдийн засаг гүн хямралд ороод байгаа. Тус улсын эдийн засаг гурван улирал дараалан хурдацтай унасаар байгаа юм. Төв банкны мэдээлснээр энэ жилийн гуравдугаар улиралд л гэхэд Венесуэлийн эдийн засаг нь 2.3 хувиар буурсан байна. Ерөнхийлөгч Николас Мадуро улс орных нь эдийн засгийн унасан нь улс төрийн тогтворгүй байдал болон олон улсын зах зээлд газрын тосны үнэ унасантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Төв банкны мэдээлснээр инфляци 12 сарын дотор 63.6 хувьд хүрсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай өссөн инфляцид тооцогдож байна. Венесуэль Улс нь дэлхийн газрын тосны томоохон нөөцтэй орнуудын нэг бөгөөд газрын тосны экспортоос улсын төсөв нь шууд шалтгаалдаг.
Эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нь тус улсын Николас Модурагийн байр суурийг улам бүр ганхуулж байгаа билээ. Түүнчлэн Тус улсын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн Николас Мадурог огцрохыг шаардаж байгаа бөгөөд улс даяар эмх замбараагүй байдал, хүчирхийлэл ихэсэж, эсэргүүцлийн жагсаал цуглаан олшроод буй. Сүүлийн жилүүдэд Венесуэльд дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, цахилгаан, эрчим хүч тасарч, инфляцийн хэмжээ дэлхийд хамгийн өндөрт хүрсэн нь байдлыг улам эвгүй болгосон. Эрх баригчид өнгөрсөн жилийн намар гадаад өрийг төлөхийн тулд мөнгө хэмнэж, санхүүгийн дампуурлаас сэргийлэхийн тулд импортыг эрс багасгасан билээ. Гэвч үүний улмаас тус улсад хүнс болон өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэн юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ маш ихээр буурсан нь Венесуэльд муугаар нөлөөлсөн.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу