
Хэрэв нийслэлийн хот доторх автобусны үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэл төлөвлөсөн ажил хаялтаа үргэлжлүүлбэл энэ долоо хоногт 1500 хүртэлх тооны үнэгүй автобус (shuttle bus) ажиллуулахаар төлөвлөж буй талаараа Сөүл хотын захиргаа даваа гарагт мэдэгдлээ. Хотын автобусны ажилчдын үйлдвэрчний эвлэл баасан гарагт санал хураалт явуулж, удирдлагатай тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд лхагва гарагаас эхлэн ажил хаялт зарлахаар шийдвэрлэсэн нь замын хөдөлгөөнд ноцтой саатал, хүндрэл үүсэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Болзошгүй ажил хаялтад бэлтгэх арга хэмжээний хүрээнд хотын захиргаа дүүргүүдийн хооронд 200 орчим үнэгүй автобус ажиллуулахаас гадна хотын гол төвүүд болон орон сууцны хорооллуудыг метроны буудлуудтай холбосон 1300 автобусыг нэмэлтээр гаргахаар болжээ.
Энэ нь нэгдүгээр сард болсон өмнөх ажил хаялтын үеэр үйлчилж байсан 700 орчим үнэгүй автобустай харьцуулахад тоо нь нэмэгдсэн үзүүлэлт юм. Хотын захиргаа мөн метроны өглөөний ачаалал ихтэй үеийн үйлчилгээг хоёр цагаар сунгаж, өглөөний 07:00 цагаас 11:00 цаг хүртэл ажиллуулахаар, түүнчлэн шөнийн үйлчилгээг сунгаж, сүүлийн галт тэргийг шөнийн 02:00 цаг хүртэл явуулахаар төлөвлөж байна.
Мөн ажил хаялтын хугацаанд хотын нийтийн зориулалттай дугуй түрээсийн үйлчилгээ болох "Ttareungi"-г үнэ төлбөргүй ашиглуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн автобусны ажилчид болон автобусны компаниуд хэлэлцээрийн явцад "үндсэн цалин"-г тооцоолох асуудлаар маргаантай байсаар ирсэн. Үйлдвэрчний эвлэлээс "үндсэн" цалинг 176 ажлын цагт үндэслэн тооцоолж, цагийн хөлсийг 7.85 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байсан ч автобусны компаниуд уг шаардлагыг хүлээж аваагүй байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу