УЛС ТӨРОнцлох

Замын-Үүдээс эхлүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт

Хуваалцах:
Замын-Үүдээс эхлүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт

/2026.01.11-13:45/ Монгол Улсын гадаад худалдаа, тээвэр логистикийн хамгийн чухал зангилаа болсон Замын-Үүд боомтын гаалийн хүнд суртал, шударга бус байдлыг цэгцлэх зорилготой Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт халуун цэгээсээ шууд эхэллээ. 

Түүнийг Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн угтан авсан бөгөөд тэдний харилцан яриа “Танай орон тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Цахимжаад байгаа мөртлөө орон тоо нь нэмэгдэж, хүнд суртал, чирэгдэлтэй алба бүтэц болсон байна гэсэн иргэдийн санал гомдол их ирж байгаа” гэх Ерөнхий сайдын үгээр эхэлсэн юм. Өрөөн доторх уур амьсгал ч түүний энэ үгийн дараа илүү нухацтай болов. Харин О.Цэенрэгзэн даргын хувьд иргэдийн гомдлыг үгүйсгэж “Хоёр дахин нэмэгдээгүй. 35-40 хүнээр орон тоо нэмэгдэж, мөн хамгаалалт, нарийн мэргэжил, үйлчилгээний ажилчдын орон тоо нэмэгдсэн” гэх тодорхой бус хариулт өгсөн юм.

Замын-Үүдээс эхлүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт

 

Гаалийн байцаагч нар “гаалийн бүрдүүлэлт”-ийг хуурамчаар үйлдэн сар бүр авлига авч, бүртгэлгүй дансанд 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн хэрэг ердөө сар гаруйн өмнө илэрсэн билээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Бүрдүүлэлтээс эхлээд бүх зүйлийг хүн хийж байна шүү дээ. Үнэхээр цахимжсан юм бол хуурамч бүрдүүлэлтийг яаж хийсэн болж таарах вэ” гэх асуултад
О.Цэенрэгзэн “Энэ асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа болохоор би танд шууд хэлэх боломжгүй” гэснээр “шаг мад” болов. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг албан тушаалаас нь чөлөөлөх үүрэг өгсөн юм.

Мөн цаашид гаалийн байцаагчдыг тогтмол сэлгэн ажиллуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгаж, гаалийн шалган нэвтрүүлэх үйл явцыг “AI” ашиглан цахимжуулах чиглэлийг шинэхэн томилогдоод буй Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаранд өгөв.

Замын-Үүдээс эхлүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт

/2026.01.11-16:00/ Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд сумын иргэдтэй уулзах үедээ “Өөдлөх айл үүднээсээ” гэх үгийг уриалж, Монгол Улсын замбараагүй байдлыг Замын-Үүдээс эхлэн цэгцэлж буйгаа мэдэгдсэн юм.

Иргэдтэй хийх уулзалтыг ёс төдий сонсоод “Анхааръя” гээд өнгөрөх бус, тэр дор нь ажил хэрэг болгож, шийддэг нь Г.Занданшатарын онцлог аж. Газар олголтын асуудлыг хөндсөн иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарган энэхүү асуудлыг шалгуулахаар шийдвэрлэв. Яг одоо тус ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж буй.

 

- МОНГОЛ УЛС ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТАН НҮҮРСЭЭ ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХ ШИЙДВЭР ГАРГАВ -

/2026.01.12-08:00/ Ерөнхий сайдын томилолтын хоёр дахь өдөр. Энэ онд ашиглалтад орсон байх ёстой Алтан ширээт аж үйлдвэрлэл, технологийн парк хуулийн гацаанаас болж бүтээн байгуулалт нь гурав дахь үйлдвэр дээрээ зогсоод буй. Сэтгүүлч миний хувьд Ерөнхий сайд тухайн паркийн үйл явцтай танилцаж, гацаанаас гаргах арга хэмжээ авах байх гэсэн бодолтой байсан юм.

 

Замын-Үүдээс эхлүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарийн хувьд тус паркийн гацааг гаргаад зогсохгүй ашиглалтад ороход бэлэн нүүрс боловсруулах үйлдвэрийг нь ашиглан хагас коксоор нийслэлийг хангах зорилготой байсан аж. Тус үйлдвэрийн удирдлагуудын хувьд ч жилдээ 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга Х.Нямбаатарт тус үйлдвэрийг судлах үүрэг өглөө. Ингэснээр Монгол Улс БНХАУ-аас хагас коксожсон нүүрс худалдан авахаа больж, өөрсдөө дотооддоо хоёр дахин хямд зардлаар нүүрсээ үйлдвэрлэх аж.

/2026.01.12-09:40/ Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар хямд өртөгтэй орон сууцны төсөлтэй танилцаж, хилийн цэргийн 0108-р ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хооллосон юм. Энэ үеэрээ тус ангийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд 48 айлын орон сууцны үлдэгдэл санхүүжилт болох 6 тэрбум төгрөгийг Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 100 жилийн ойг тохиолдуулан шийдвэрлэхээр болсноо илэрхийллээ.

/2026.01.12-11:15/ Үдээс хойш Дорноговь аймгийн иргэдтэй мөн уулзалт хийж, Даланжаргалан, Өргөн сумдын эмнэлгүүдийг туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр хангахаар газар дээр нь шийдвэрлэв.

 

“Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой. Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно”

 

Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдэд тавьсан илтгэлдээ Монгол Улс мөнгөгүйдээ биш, эмх цэгцгүй байгаа учраас хөгжихгүй байгааг онцолж, “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-гөө танилцууллаа. Энэхүү төлөвлөгөө нь түүний УИХ-ын дарга байхдаа ярьдаг байсан “Хагархай цонхны онол”-оос үүдэлтэй “Цэгцрэх хөдөлгөөн”-ий эхлэл юм. Тэрбээр энэ 300 хоногийн хугацаанд иргэдийн нүдэнд харагдахуйц үр дүнтэй, бодитой ажил хийж чадна гэж үзэж байгаа бөгөөд төр өөрөө бүсээ чангалж, хэмнэлттэй, хяналттай, хариуцлагатай байхыг зорих аж. 

Замын-Үүдээс эхлүүлсэн “Цэгцрэх хөдөлгөөн” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын томилолт

- Иргэдийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх

- Хүний хөгжлийг дэмжих

- Бизнесийн боломж, эрх чөлөөг тэлэх

- Хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай төр байх

- Сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийн хувьсгал хийх зэрэг зорилгыг “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-нд багтаагаад байгаа юм байна.

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад 300 ч хоноогүй байгаа. Гэтэл 300 хоногт энэ мэт зорилгыг тавьсан нь иргэдийн анхаарлыг татаж байв. Өмнөх Ерөнхий сайдууд дундаас хөгжлийн төлөвлөгөө гаргасан нь цөөн. Гаргасан хэд нь “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” зэрэг байв. Дээрх төлөвлөгөөнүүд ихэвчлэн 5-30 жилийн хугацаатай байсан бол Г.Занданшатарын хувьд жилээр бус хоногоор хөгжлийг төлөвлөсөн анхны Ерөнхий сайд болж байна. 300 хоног гэдэг бол гурван улирал гаруйн хугацаа. Өөрөөр хэлбэл ердөө энэ оны аравдугаар сарын 27-н гэхэд Г.Занданшатараас төлөвлөгөөний хэрэгжилтийг нь асууж, хэр Ерөнхий сайд гэдгийг нь хэмжих боломжтой болох аж.

 

Б.АДЬЯАТӨР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих